Жүжигчин Билл Косби 47 жилийн өмнөх хэрэгт буруутай нь тогтоогджээ
2022-06-23

АНУ-ын Тангарагтны шүүх Америкийн хошин жүжигчин Билл Косбиг одоогоос 47 жилийн өмнө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж үзжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, 1975 онд Билл Косби Playboy сэтгүүлийн загвар өмсөгч байсан Жуди Хатыг 16 настай байхад нь хүчирхийлсэн гэнэ. Улмаар Билл Косби хохирогч эмэгтэйд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болгож хагас сая доллар төлөх үүрэг хүлээсэн байна. 

 

Хохирогч Хат шүүх дээр мэдүүлэг өгөхдөө, эрчүүдэд зориулсан сэтгүүлд зургаа авахуулдаг загвар өмсөгчид амьдардаг байсан, Playboy сэтгүүлийг үндэслэгч Хью-Хефнерийн Лос-Анжелес дахь харшид Косби түүнтэй хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэнэ. Энэ харшид үдэшлэг болох үеэр Косби унтлагын өрөөнд Хат болон өөр нэг насанд хүрээгүй охиныг оруулан, хаалгыг нь түгжиж, Хатыг хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд хүчилжээ.

 

Жүжигчин Косби Жуди Хатыг танихгүй, насанд хүрээгүй хүнтэй хэзээ ч харилцаанд ороогүй гэж мэдэгдэж байсан аж. Харин Хатын өмгөөлөгчид Хат болон Косби харшид хамтдаа авахуулсан хуучны гэрэл зургийг хэргийн нотлох баримт болгон шүүх дээр харуулсан байна.

 

Америкийн жүжигчин, найруулагч, продюссер, хөгжимчин, улс төрийн идэвхтэн Билл Косбиг стэндап комедийн анхдагчдын нэг гэж үздэг. Тэрбээр 1960-аад онд "Би тагнуул" телевизийн цувралаараа ихээхэн алдаршиж байсан бөгөөд Эмми, Алтан бөмбөрцөг, Грэмми шагналын эзэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин