Эрх чөлөөний хөшөөнд зүсээ мөнхөлсөн Изабелла Бойер
2022-06-24

Далайн тээврээр Америкт ирж буй хэн бүрийг ардчиллын бэлгэ тэмдэг болсон, гартаа бамбар барьсан, асар том эмэгтэйн хөшөө угтана. Энэ бол Америкийн тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан 1876 онд Францаас бэлэглэсэн Эрх чөлөөний хөшөө юм. Эрх чөлөөний хөшөөнд дүрээ мөнхөлсөн хүн нь Америкийн хамгийн чинээлэг, хамгийн үзэсгэлэнтэй  бүсгүйчүүдийн нэг, загвар өмсөгч Бойер гэсэн түүх ихээхэн түгсэн. 

 

Америкийн бэлгэдэл болсон хөшөөнийн модель болсон эмэгтэй Парис хотод олон угсаа гаралтай гэр бүлд төржээ. Түүний аав нь Африк гаралтай, ээж нь англи байв. Үзэсгэлэн гоо Изабелла загвар өмсөгч болсон бөгөөд амжилтад хүрэхийн тулд дэлхийн олон орноор аялж байжээ. Ингээд 20 настайдаа Лондон хотод алдарт Исаак Зингертэй учирсан гэнэ.

 

Зингер бол авьяаслаг зохион бүтээгч, оёдлын машиныг хэрэглээнд төгс нийцүүлэн бүтээсэн, үүгээрээ ч олон сая долларын хөрөнгөтэй болсон нэгэн. Тэрбээр зохион бүтээгч төдийгүй жүжигчин, театрын бүлгэмийн удирдагч гээд олон мэргэжилд хүч сорьж байсан гэдэг. Харин хувийн амьдрал нь тогтворгүй. Анх 19 настайдаа гэрлэсэн ч нэг их удалгүй дахиад л өөр эхнэртэй болжээ. Хууль бус эхнэр нь түүнд 10 хүүхэд төрүүлж өгсөн ч Исаак Зингер мөн л гэрлэлтээ цуцлуулсан байна. Үүний араас ч амрагийн явдал нь өрнөж яваад 50 настайдаа Изабелла Бойертэй учиржээ. 

Тэд 1863 онд гэрлэж, 12 жил хамт амьдрахдаа зургаан хүүхэдтэй болсон аж. Зингерийг таалал төгссөний дараа 22 сая долларын хөрөнгийг Изабелла өвлөн авсан байна.

 

Изабелла нөхрөө нас барсны дараа удаан гашуудаж явсангүй, хэдхэн жилийн дараа дэлхийд алдартай, Голландын хийлч Виктор Ройбстеттэй гэрлэжээ. Энэ эрийн ачаар Изабелла гүнгийн ахайтны хэргэм хүртсэн байна. Дөч хэдийнэ гарсан ч урьдын адил үзэсгэлэнтэй, загварын салонуудын од байсан Изабелла хожим нь Эрх чөлөөний хөшөөг бүтээсэн уран барималч Огюст Бартольдитэй танилцжээ. 

1878 онд Парис хотноо нээгдсэн Олон улсын үзэсгэлэн дээр хөшөөний толгой хэсэг тавигджээ

Эрх чөлөөний хөшөөг барих том төсөлд олон алдартнууд оролцсон гэдэг. Густав Эйфел нарийн хийцийн асуудлыг шийдэхэд тусласан бол домогт генерал Шерман хөшөөг байрлуулах газрыг өөрөө сонгож, харин медиа-магнат, шар хэвлэлийг үүсгэн байгуулагч Жозеф Пулитцер хэвлэлүүдийнхээ нүүрэн дээр АНУ-ын иргэдэд хандан төсөлд мөнгө хандивлахыг уриалж байжээ.

 

Ингээд Бедлоу арал дээр Америкийн бахархдаг зарчим, эрх чөлөөг бэлгэдсэн, гартаа бамбар барьсан эмэгтэйн хөшөө сүндэрлэх нь тэр. Энэ хөшөө эртний бурхадын төрхтэй ч гагцхүү Изабелла хөшөөг бүтээхэд модель нь болсон гэж үздэг.

 

Кампоселицийн гүнгийн ахайтан Изабелла Бойер хоёр дахь нөхрөө бие барсны дараа, 50 насандаа гурав дахь удаагаа нөхөрт гарчээ. Энэ удаад түүний сонгосон хүн нь урлагийн бүтээл цуглуулагч байв. Изабелла 1904 онд Парис хотноо 62 настайдаа таалал төгсжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путинийг дэмжигчдэд Путцерийн шагнал олговол таарна. Казахстанд нэг амьтан бий.
2022-06-24