"Оросын аюул занал"-аас болгоомжилсон Польш армиа өргөжүүлнэ

Польшийн эрх баригчид армийнхаа бие бүрэлдэхүүнийг 2,5 дахин нэмж, 150 мянга байсныг 400 мянган цэргийн алба хаагчтай болгохоор шийджээ. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд "Оросын аюул занал"-ыг сөрөн зогсохын тулд орчин үеийн зэвсэг худалдаж авахаар болсон байна. Энэ талаар эрх баригч намын тэргүүн Ярослав Качиньский мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Польшийн эрх баригчид HIMARS шуурган галын тийрэлтэт систем 500 ширхэг, F-35 сөнөөгч онгоц 32, Абрамс танк 250Г, Патриот зенит пуужингийн комплекс наймыг авахаар зэхэж байгаа гэнэ. Өмнө нь Польш армийн бие бүрэлдэхүүнээ 300 мянга хүртэл болгон нэмэхээр төлөвлөж байсан ч ийнхүү Оросоос болгоомжилж цэргийн тоогоо 2,5 дахин нэмэхээр болсон байна.
Энд дуулгахад, НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг зургадугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл хийхдээ НАТО дорнод чиглэлд илүүтэй анхаарч, байршуулах цэргийн тоогоо нэмэгдүүлэхээр болсон гэж онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ