НАТО Оросыг гол аюул хэмээн нэрлэж, цэргийн тоогоо нэмэхээр болов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа халдан, өнөөгийн дайн дэгдсэн юм. Зургадугаар сарын 29-ний өдөр энэхүү дайны 126 дахь өдөр өнгөрлөө.
Оросын үйлдсэн дайны гэмт хэрэг нотлогдов
Сөргөлдөгч хоёр талын аль аль нь нөгөө талаа байлдааны явцад ихээхэн хохирол амссан талаар мэдэгдэж байгаа юм. Оросын Батлан хамгаалах яам Украиныг ихээхэн хохирол амсаж байгаа талаар өдөр бүрийн тайландаа мэдээлдэг бөгөөд лхагва гарагийн мэдээлэлд өгүүлснээр Лисичанск орчимд Украины 108 дугаар батальоны 350 цэргийн ердөө 30 нь л үлдсэн гэнэ. Түүнчлэн өнгөрсөн хоногт Украины МиГ-29, хоёр Су-25 онгоцыг устгасан гэж Оросын БХЯ мэдээлжээ.
Байлдааны ажиллагаа ийнхүү өрнөх үеэр Оросын тал цэрэг, дайны гэмт хэрэг үйлдсээр байгааг батлах баримтууд ар араасаа гарсаар байна.
НҮБ-ын Хүний эрхийн мониторингийн бүлэг Украинд ажиллаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын сүүл болон гуравдугаар сард Украины 30 суурин бүсэд энгийн иргэдийг шүүхээр оруулалгүй цаазласан, олноор нь хөнөөсөн хэргүүд гарсныг баталсан талаар DW агентлаг мэдээлжээ. Буча хотод гэхэд л энгийн 50 иргэнийг хөнөөсөн хэргийн баримт нотолгоог цуглуулсан байна.
Зургадугаар сарын 27-ны өдрийн байдлаар Украинд 4731 хүн амиа алдаж, 5900 хүн шархадсан гэдгийг НҮБ баримтаар баталгаажуулж чаджээ. Гэхдээ энэ нь эцсийн тоо биш бөгөөд баримт нотолгоо цуглуулах ажил үргэлжилж байгааг НҮБ онцолсон байна.
Олзлогдогсодыг солилцов
Дайн эхэлснээс хойш, хамгийн олон олзны хүнийг солилцсон үйл явдал лхагва гарагт болсон талаар Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар мэдээлжээ.
Тагнуулын газрын мэдээлснээр, Украинд 144 олзны цэрэг эргэн ирсний 95 нь "Азовсталь" үйлдвэрийг хамгаалагчид, 43 нь "Азов" хорооны дайчид байгаа аж. Гэртээ эргэн ирсэн цэргүүдийн 23 нь офицер, 69 нь бага тушаалын цэргийн алба хаагчид байгаа гэнэ.
Оросын талын мэдээлснээр, энэ солилцооны үеэр "хүнд шархадсан, үе мөчөө тайруулсан болон бусад хүндрэлтэй хүмүүсийг Украины талд хүлээлгэн өгчээ.
"ОХУ бол НАТО-ын гол аюул занал"
Лхагва гарагт НАТО-ын орнууд эвслийн шинэ стратегийн үзэл баримтлалыг баталжээ. Үүнд Оросыг “хамгийн ноцтой, шууд аюул занал” хэмээн тодотгосон байна.
НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оросыг “манай аюулгүй байдалд заналхийлж буй шууд аюул занал” хэмээн нэрлэсэн бол Украин дахь дайныг сүүлийн олон жилийн туршид тохиож байгаагүй “аюулгүй байдлын хамгийн ноцтой хямрал”, НАТО түүхэндээ нүүр тулсан “хамгийн том сорил” хэмээн мэдэгджээ.
Түүчлэн Финлянд болон Шведийг НАТО-д элсэхийг урих шийдвэрийг Мадрид дахь НАТО-ын дээд хэмжээний уулзалтаар гаргасан нь “түүхэн шийдвэр” гэж Столтенберг мэдэгдсэн байна.
НАТО ийнхүү Оросыг гол аюул занал хэмээн үзэж байгаа тул цаашлаад гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэр дээр байршуулах цэргийн тоог нэмнэ гэж удаа дараа мэдэгдсэн юм.
АНУ “холбоотны нутаг дэвсгэрийнхээ сөөм газар бүрийг хамгаалахын тулд” Европ дахь цэргийн тоогоо нэмнэ гэж Жо Байден мэдэгджээ. Ингэснээр АНУ нэмэлтээр 5000 цэргийн алба хаагчийг илгээхийн дээр Эстони, Латви, Литва дахь цэргийн тоогоо нэмэх аж.
Түүнчлэн Их Британи руу Америкийн F-35 сөнөөгч онгоцны нэмэлт хоёр эскадрил, Испани руу хоёр хөлөг онгоц илгээнэ гэж Байден мэдэгдсэн байна. Одоо Европт Америкийн 100 мянга гаруй цэрэг байрлаж байгаа бөгөөд Орос Украин руу дайрсны дараа АНУ цэргийнхээ тоог 20 мянгаар нэмж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ