Дэлхийн шатрын олимпиадад оюунаа сорих Монголын баг
2022-07-04 08:18

Дэлхийн шатрын олимпиад нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг оюуны спорт болох шатрын олимп юм. Дэлхийн шатрын холбоо 2022 оны 07-р сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 44 дүгээр Дэлхийн шатрын олимпиадыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулах гэж байна. Уг 44 дэх удаагийн Дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоод байдгаас 187 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эмэгтэй, эрэгтэй ангилалд өрсөлдөнө.

 

 

Жил бүр Дэлхийн Шатрын Олимпиадын үеэр эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр улс бүрийг жагсааж дүн гарган “ГАПРИНДАШВИЛИ” цомыг гардуулдаг. Бид өнгөрсөн 2018 оны Дэлхийн Шатрын Олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг 5 байрт шалгарсан өндөр амжилт үзүүлсэн. Мөн 2014 онд Монголын эмэгтэй баг “B“ категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2018 онд эрэгтэй баг “C” категорид багийн дүнгээр 2-р байрт шалгаран мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл Дэлхийн шатрын олимпиадад багаараа 25 удаа оролцохдоо ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ.

 

Аймаг, нийслэлийн 2 үе шатны тэмцээнээс шалгарсан эмэгтэй, эрэгтэй 24 шилдэг шатарчид оролцсон 2022 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь тэмцээний шигшээ шатны тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо 5-р сарын 12-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, Улсын аварга шалгаруулах тэмцээний ангилал тус бүрийн эхний 5-н байрт шалгарсан шилдэг шатарчид 44-р Дэлхийн шатрын олимпиадад Монгол эх орноо төлөөлөн оролцохоор болсон юм.

 

Дараах тамирчид Монгол улсаа төлөөлөн Дэлхийн Шатрын Олимпиадад оролцоно:

 

ЭРЭГТЭЙ БАГ

 

Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУШХ-ны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од

1-р ширээ: ИМ Д.Батсүрэн

2-р ширээ: ОУШХМ Г.Амартүвшин

3-р ширээ: ИМ Б.Гүндаваа

4-р ширээ: ИМ С.Билгүүн

Нөөц тоглогч: ОУМ С.Ган-Эрдэнэ

 

ЭМЭГТЭЙ БАГ

 

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУШХ-ны дасгалжуулагч, СМ Ц.Батсайхан

1-р ширээ: ЭИМ А.Энхтуул

2-р ширээ: ЭОУМ Б.Баярмаа

3-р ширээ: ЭОУМ Т.Мөнхзул

4-р ширээ: ЭОУШХДМ Б.Мөнгөнзул

Нөөц тоглогч: ЭОУШХМ Д.Мөнхзул

 

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ олон жил шатар тоглоод нэг ч супер их мастер байхгүй ядаж 2600 давсан рейтэнгтэй тоглогч алга,мөнгө үрэхийн нэмэр биш үү.
2022-07-04
Зочин:
Амжилт хусье сайн тоглоорой
2022-07-04