Орон нутгийн замд онхолдох осол нэмэгдэж байна
2022-07-04

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд нийт 703 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 448 дуудлага бүртгэгджээ. Хүний амь нас хохирсон, хүний биед гэмтэл учирсан 33 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

 

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт 23 нийт 36 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн ослоор нийслэлд 4 орон нутагт 4 хүүхэд гэмтэж бэртжээ. Орон нутгийн замд онхолдсон 15  осол бүртгэгдэж, 8 хүний амь хохирсон байна. 

 

Улсын хэмжээнд гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 374 зөрчлийг илрүүлжээ.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодох зөрчил түүний улмаас хүний амь нас хохирол зөрчил анхаарал ихээр татаж байна. Орон нутагт мотоцикл жолоодож яваад онхолдсон 7 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 6 осолд нь мотоциклийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.  

 

Мөн орон нутгийн замд ослын улмаас 2 хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд эцэг эх асран хамгаалагчид аялал зугаалгаар орон нутгийн зорьж замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдээ зөв тээвэрлэж явах, хүүхдийн өсөлт болон биеийн жинд нь тохирсон хамгаалах хэрэгсэл буюу хүүхдийн хамгаалалтын суудлыг ашиглаж явахыг уриалж байна. Жолооч, эцэг эхчүүдийг гаргадаг нийтлэг зөрчил  хүүхдийг урьд суудалд өвөр дээр суулгаж авч явах, хойд суудалд эсвэл багажийн хэсэгт ор засаж унтуулах зэргээр буруу тээвэрлэж явснаас болж хүүхэд зам тээврийн ослын улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирч байна.

 

Иргэд жолооч нарт анхааруулж хэлэхэд та бүхэн орон нутгийг зорьж замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 80км/ц-ийн хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явахыг анхааруулж байна.

 

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

Shuud.mn
Сонин хачин