Ц.Даваасүрэн нарын гишүүд Ерөнхий сайдад биелэлт гаргуулах албан бичгийг хүргүүлжээ
2022-07-04 11:28

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Биелэлт гаргуулах тухай албан бичгийг хүргүүлжээ.

 

Уг албан бичигт, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Түр хороог Улсын Их Хурлын нийт 24 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан.

 

 

Түр хороо нь ажиллах хугацаандаа Засгийн газарт хуралдааны тэмдэглэлээр нийт 4 удаа, Түр хорооны тогтоолоор 2 удаа чиглэл өгч ажилласан. Тухайлбал, Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад шаардагдах 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх, далд уурхайн нэмэлт санхүүжилтийг “Оюу толгой” компанид нэмэлт өр үүсгэхгүйгээр шийдвэрлэх, Лондонгийн арбитрын шүүхэд “Оюу Толгой” ХХК-ийн татварын асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах, “Оюу толгой” төслийн далд уурхайн санхүүжилт, зардлын хэтрэлтэд санхүүгийн хөндлөнгийн аудит хийлгэхэд гадны зөвлөх үйлчилгээ авах, мөн Дубайн гэрээг цуцалж хүчингүй болгох улмаар Монгол Улсад учирсан хор хохирлыг барагдуулах, “Антре Гоулд” компаний эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд шийдвэрлэх зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн.

 

Мөн УИХ-аас “Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ"-ний тухай 2021 оны 103 тоот тогтоолыг гаргасан.

 

Иймд УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоол, Түр хорооны тогтоол, тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн биелэлт болон далд уурхайн нэмэлт санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг гаргаж ирүүлнэ үү хэмээсэн байна.

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин