Байгальд ээлтэй эх оронч НААДАЦГААЯ
2022-07-07

 

Монголын уламжлалт Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Эдгээр өдрүүдэд иргэд наадмын гоёлоо бэлдэж, томоохон зах худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Мөн аяллын хэрэгсэл худалдаалах дэлгүүрүүд ч ачаалал ихтэй байна.

 

Дэлхий дахинаа коронавирусийн халдвар тархаж, улс орон бүр хилээ хааж, улс хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш улс орон бүрийн дотоодын аялал жуулчлал хөгжсөн. Монгол Улсын хувьд ч ялгаагүй. Иргэд гадны улс орон руу аялахаас  илүүтэй дотооддоо аялж, амрахыг илүүд үзэх болсон.

 

Өнгөрсөн жил коронавирус халдварын улмаас Үндэсний их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглээгүй. Харин энэ жил тэмдэглэнэ. 

 

Улсын баяр наадам долоодугаар сарын 10, 11-ний өдөр орон даяар зохион байгуулагдана. Харин тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгууд 07 дугаар сарын 22-30 хооронд баяр наадмаа хийнэ. Харин бүсийн хурдан морины уралдаан 07 дугаар сарын 29, 30, 31-нд болно.

 

Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд, Улаанбаатар үдэш арга хэмжээ Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн тоглолт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

 

Наадмын амралт ирэх бямба гараг буюу долдугаар сарын 09-18-ныг хүртэлх хугацаанд байна. Тиймээс наадмын урт амралтыг иргэд хөдөө аялал зугаалгаар явах, ах дүүсийндээ зочлох зэрэг маршрут гарган найз нөхөд, гэр бүлээрээ аялдаг.

 

Гэхдээ ингэж аялал, амралт зугаалгаар явахдаа байгаль орчинд ээлтэй, хоггүй цэвэрхэн аялах шаардлагатай. Буудалласан газар бүрээ цэвэрлэж, хогоо авч явах ёстой. Мөн голын усанд машинаа угаахгүй, булаг шанданд хог хаяхгүй аялах нь чухал. Өөрөөр хэлбэл ухамсартай, соёлтой аялах хэрэгтэй.

 

Магадгүй өнөөдөр байгалийн үзэсгэлэнг нь биширч буугаад мордсон газар дараагийн удаа дайраад гарахад чинь та болон бусад хүмүүсийн нөлөөтэй сүйдэж, эвдэрсэн байж мэднэ.

 

Засгийн газраас 2023-2024 оныг  Монголд зочлох жил болгон зарласан. Монгол Улс өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегигүй явж ирсэн бөгөөд одоо энэхүү стратегийг боловсруулж буй аж. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарыг дэмжиж, гадны аялагч нарыг монголд төвлөрүүлэхэд анхаарна гэсэн үг. 

 

Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж,  хоггүй байгаль ээлтэй аялж, эх орон ч  наадацгаая. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин