Л.Оюун-Эрдэнэ: Тангараг өргөсөн мөрдөстнүүдээ Монголын төр хамгаалах болно
2022-07-19

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, салбарын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.


Монгол төрийн цагдаа, дотоодын цэрэг нь улс орныхоо тусгаар тогтнолын баталгаа болж, эрх чөлөө, амар амгалан, аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирснийг тэрбээр онцлоод өнгөрсөн 100 жилийн хугацаанд иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн үе үеийн цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

 

 

Тэрбээр,”Цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг үл ялган эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Та бүхэн бол энх цагийн эгэл баатрууд мөн. Эх орон, ард түмнээ гэмт халдлага, аюул, ослоос хамгаалах, нийгэмд шударга ёсны тогтолцоог бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах ариун үйлсийн төлөө алтан амиа зориулах тангарагтай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаараа Монголын ард түмэн, төр, засаг үргэлж бахархдаг.


Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвхтэй оролцоо туйлын чухал үүрэг гүйцэтгэнэ.


Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа, цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно.

 

Мөн цагдаагийн болон дотоод цэргийн албан хаагчдаа, тангараг өргөсөн мөрдөстнүүдээ Монголын төр хамгаалан ажиллах болно. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн нэгэн зууны түүхт ололт амжилтаа бататгаж, ирэх шинэ зуунд их үйлсээ мөнхлөх болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.


Түүхт ойн баярын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, мэргэжлийн ур чадвар гарган ажилласан 274 алба хаагч, ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар, 845 алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар, 836 алба хаагч, ахмад ажилтнуудыг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, нийт 1955 алба хаагч, ахмад ажилтнуудыг шагнаж урамшуулсан байна.


Төв цэнгэлдэхэд болсон баярын арга хэмжээний үеэр цагдаа, дотоодын цэрэг, тусгай тасгийн алба хаагчдын ёслолын жагсаал, улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, урлагийн болон цагдаагийн алба хаагчдын үзүүлэх тоглолт болов.

Shuud.mn
Сонин хачин