Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хичээлийг нэгэн зэрэг бус үе шаттайгаар эхлүүлнэ
2022-07-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Нийслэлийн ачаалал 09 дүгээр сарын 01-нд хэд дахин нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэгийг бүгдийн үйл ажиллагааг зэрэг эхлүүлэхгүй. Их дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулна" гэдгийг хэллээ.

 

 

Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34 000 хүүхдийн 23 000 нь хоёр настан байна. Гурав, дөрөв, таван настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж 80-90 хувьд хүргэсэн. Харин одоо хоёр настай 23 000 хүүхдийг хэрхэн цэцэрлэгт хамруулах шийдлийг гаргаж байна. Одоогоор тэднээс 22 000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдлийг гаргаад байна. Ингэхдээ

 

  1. Хамран сургах тойргийг шинэчлэн төлөвлөсөн. Зөвхөн төрийн өмч бус хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний газруудын хүчин чадлыг тооцож, төлөвлөснөөр хүүхэд гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжийг нээсэн.
  2. 34 000 хүүхэд өөрийн бүртгэлийн хаягт байгаа эсэхийг хянаж байна.

 

УИХ-аас баталсан 100 тэрбум, НИТХ-ын баталсан 70 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хангамжийг бүх насанд 80-90 хувьд хүргэж байна.

 

Иргэд И-Монголиа системд хаягаа баталгаажуулж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийнхээ мэдээллийг оруулан, тоон гарын үсгээ авах шаардлагатайг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан анхаарууллаа.  

 

ЕБС-ийн сурагчдын тоо 40 мянгаар нэмэгдэнэ

 

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-д 760 000 хүүхэд хүлээж авна. Нэгдүгээр ангид 50 000 хүүхэд элсэн суралцаж, өнгөрсөн жилээс хүүхдийн тоо 40 000-аар нэмэгдэх тооцоолол гарчээ.

 

Шинээр 40 000 хүүхэд нэмэгдэж байгаа учраас 12 сургууль гуравдугаар ээлжээр хичээллэж магадгүй байна. Гуравдугаар ээлжээр хичээллэх 12 000 хүүхдийн 6500-г нь хичээлийн байр түрээслэх байдлаар хоёр ээлжинд шилжүүлэхээр зохион байгуулалт хийж байна.

 

Улсын хэмжээнд 36 сургууль, 37 цэцэрлэг, 7 дотуур байрыг ашиглалтад оруулна. Нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно.

 

Их, дээд сургуульд 30 000 шинэ оюутан элсэн орно

 

Энэ жил 36 000 хүүхэд ЭЕШ өгсөн. Тэдний 30 000 нь шинэ оюутан болно. Тиймээс нийслэлийн ачаалалтай уялдуулан их, дээд сургуулийн ахлах курсын оюутнуудын хичээлийг 09, 10 дугаар сард дадлага хэлбээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Жил бүр орон нутгаас 20 000 оюутан ирдэг учраас 1, 2 дугаар курсын оюутнуудыг тухайн орон нутагт байрладаг төрийн өмчийн их сургуулиудад суралцахад төрийн дэмжлэг үзүүлнэ. Эхний хоёр жил орон нутагт, дараагийн хоёр жил Улаанбаатарт суралцах зэргээр олон боломжийг бий болгоно. Мөн хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах багш нарын цалинг хоёр дахин нэмж, орон сууцны дэмжлэг үзүүлнэ.

 

Дархан, Эрдэнэт хот, Өмнөговь аймагт төрийн өмчит сургуулиуд ажиллана.

 

 

Коронавирусийн ямар ч тохиолдол гарсан сургуулийг хаахгүй. Хичээлийг 5:9 гэсэн зарчмаар үргэлжлүүлнэ гэдгийг салбарын сайд хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Deed surguuliudaa UB-aas nuulgeechee. Bolson boloogui deed surguuliudiig haa. Bolovsrol mungu hiih heregsel bish.
2022-07-20