АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчлал хийнэ гэсэн мэдээлэл гарсны дараа Хятадын тал АНУ-ыг эрс шүүмжилж, энэ айлчлалын хариуд Хятад улс шийдэмгий алхам хийнэ гэж анхааруулж байлаа. Улмаар долдугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын арми цэргийн сургуулилалт хийж, пуужингуудаа бэлэн байдалд оруулж байв.
Хятадын энэ сүрдүүлгээс болсон уу эсвэл өөр шалтгаантай байсан уу, ямартай ч Нэнси Пелоси айлчлалаа эхлүүлсэн ч албан ёсны хөтөлбөрт нь Тайваньд буух талаар тусгагдаагүй юм. Гэсэн ч Пелоси ямар нэг шалтаг олон Тайваньд очиж болзошгүй гэж Global Times сонин бичжээ.
GT сонины нийтлэлд өгүүлснээр, АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн онгоц техникийн шалтгаан эсвэл шатахуун цэнэглэх шаардлагатай нэрийдлээр Тайваньд газардах оролдлого хийж болзошгүй гэнэ. "Техникийн шалтгаан эсвэл шатахуун цэнэглэх гэсэн онц байдал үүссэн нэрийдлээр Пелоси Тайваньд онгоцоо газардуулж, эрсдэлтэй, аюултай алхам хийж болзошгүй. Тиймээс Хятадын цэргийн эргүүл, радар болон сургуулилалтад оролцож буй цэргүүд ойрын өдрүүдэд дээд зэргийн бэлэн байдалд байх ёстой" хэмээн нийтлэлд өгүүлжээ.
Үүний зэрэгцээ, Хятад орчмоор нисэж явах үед нь Пелосигийн онгоцонд үнэхээр асуудал тулгарвал Хятадын Ардын чөлөөлөх арми онгоцыг хамгаалж, Хайнань мужийн Саньша хотын нисэх буудал дээр, эсвэл мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж болох өөр буудлууд дээр газардахыг зөвшөөрнө, гэхдээ Пелосигийн онгоц Тайваниас хол байх ёстой хэмээн Global Times онцолсон байна.
Пелосигийн айлчлал
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудад хийх айлчлалаа өчигдөр эхлүүлсэн. Энэ айлчлалын хүрээнд тэрбээр Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Япон улсад зочлох юм.
Пелоси энэ айлчлалынхаа үеэр Тайваньд зочилно гэсэн мэдээлэл өмнө нь гарч, улмаар Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Харин айлчлалын хөтөлбөрт Тайваньд зочилно гэдгийг баталсан албан ёсны мэдээлэл багтаагүй байна.
Пелоси Тайваньд айлчилж болзошгүй сургаар Хятадын эрх баригчид ихээхэн эсэргүүцэж, түүнийг Тайваньд айлчлах юм бол АНУ-ыг ноцтой үр дагавар хүлээж байгаа, шийдэмгий арга хэмжээ авна гэж БНХАУ анхааруулж байв.
БНХАУ-ын эрх баригчид АНУ болон Тайванийн харилцааг эрс эсэргүүцдэг бөгөөд Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг тэд Тайванийг аливаа оронтой харилцаа тогтоох нь "нэг Хятад" бодлогыг зөрчиж байгаа хэрэг гэж үздэг. Энэ жил Америкийн конгрессын төлөөлөгчид Тайваньд гэнэтийн айлчлал хийсэн нь АНУ, Хятадын хоорондын харилцаанд сэв суулгаж, Хятадын тал Тайванийн орчим удаа дараа цэргийн сургуулилалт хийсний дээр энэ арал руу цэргийн онгоцуудыг хөөргөж байсан юм. Улмаар Пелосиг айлчлах сургаар дахин арлын орчимд цэргийн сургуулилалт хийж, цэргүүдээ бэлэн байдалд оруулж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |