Украины үр тариаг ачсан анхны хөлөг онгоц Одессын боомтоос хөдөлжээ

Украинд дайн дэгдсэнээс хойш энэ улсын боомтууд хаагдаж, экспортын үр тариаг дэлхийн зах зээлд гаргах боломжгүй болсон юм. Улмаар дэлхийн үр тарианы зах зээлийн арав гаруй хувийг хангадаг Украинд нөхцөл байдал ийн эргэсэн нь дэлхий дахинаа хүнсний хямрал нүүрлэхэд нөлөөлнө гэж олон улс сэрэмжлүүлж, Украинаас үр тариа зөөн гаргах асуудлыг шийдвэрлэхээр олон сарын хугацаанд хэлэлцсэн. Ингээд хэлцлийн үр дүн гарч, Одессын боомтоос үр тариа ачсан эхний хөлөг онгоц наймдугаар сарын нэгний өдөр хөдөлжээ.
CNN агентлагийн мэдээлснээр, Сьерра-Леоны далбаатаөй Razoni ачаа тээврийн хөлөг онгоц Одессын боомтоос гарч, Ливаныш чиглэсэн байна.
Үүнээс нэг хоногийн өмнө, долдугаар сарын 31-ний өдөр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковтай уулзах үеэрээ үр тариа ачих техникийн ажлууд дууссан, захиргааны асуудлыг л шийдэх үлдсэн хэмээн мэдэгдэж байлаа.
Эргэн сануулахад, долдугаар сарын 22-ны өдөр Турк, Орос, Украин, НҮБ хэлэлцээрт гарын үсэг зуран, Одесс, Хар тэнгис, Өмнөд тэнгисийн боомтуудаас үр тариа зөөн гаргахаар болсон юм. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Стамбулд хамтарсан төв байгуулагдаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ