БНХАУ: Пелоси Тайваньд айлчилвал Хятадын арми гар хумхин суухгүй
2022-08-02

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчилах нь гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч, улмаар БНХАУ-ын эрх баригчид энэ айлчлалыг эрс эсэргүүцэн, Пелоси Тайваньд хөл тавьдаг л юм бол "шийдэмгий алхам" хийнэ хэмээн анхааруулж байлаа. Тайванийг өөрийн харьяаных, энэ аралтай Хятадыг оролцуулалгүйгээр аливаа харилцаа тогтоох нь "нэг Хятад" зарчмыг үл тоож байгаа хэрэг хэмээн үздэг Хятадын эрх баригчид болзошгүй айлчлалыг эсэргүүцэн хатуухан мэдэгдэл хийж байсны дээр арлын орчимд цэргийн сургуулилалт ч явуулсан юм. 

 

Харин  Нэнси Пелоси ням гарагийн орой айлчлалаа эхлүүлэхдээ Тайваньд зочлох талаар албан ёсоор хөтөлбөртөө тусгаагүй. Гэсэн ч түүнийг Тайваньд айлчилж магадгүй талаар Хятадын төдийгүй Америкийн хэвлэлүүд мэдээлсээр байна. 

 

CNN: Пелоси Тайваньд айлчилна 

 

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси даваа гарагт Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзаж, бүс нутгийн нөхцөл байдал, Украины дайн болон цаг уурын өөрчлөлтийн талаар хэлэлцжээ. 

 

"Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд Америк, Хятадын харилцаа тогтвортой байхын чухлыг Ерөнхий сайд Ли цохон тэмдэглэсэн" хэмээн Сингапурын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Азийн орнуудаар хийх Пелосигийн энэ удаагийн айлчлалын анхаарал татсан гол хэсэг нь Хятадын эрх баригчдын хатуухан мэдэгдлийн дараа ч Пелоси Тайваньд очих эсэх асуудал юм. 

 

Тайваньд айлчлах талаар албан ёсны хөтөлбөрт нь багтаагүй ч Пелоси ойрын өдрүүдэд Тайваньд газардаж, тэнд хононо гэж Тайвань болон АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар CNN мэдээлжээ. Түүнчлэн Тайванийн хэвлэлүүд ч Нэнси Пелосиг мягмар гарагт Тайваньд очиж, Тайбэйд хононо гэж нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.

 

Тайванийн хэвлэлүүдийн нэг, Liberty Times сонины мэдээлснээр лхагва гарагийн өглөө Пелоси  Тайванийн парламентад зочилж, улмаар цааш айлчлалаа үргэлжлүүлнэ хэмээн бичжээ. 

 

БНХАУ: Ардын арми гар хумхин суухгүй 

 

Тайвань тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж олон жил хүлээж байгаа ч дэлхийн олон орон энэ улсыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг, БНХАУ ч "нэг Хятад" зарчмын хүрээнд бусад орноос Тайванийг тусгаар улс гэж харьцахгүй байхыг шаарддаг. Тиймдээ ч АНУ, Тайванийн аливаа харилцааг БНХАУ эрс эсэргүүцэж, Америкийн төлөөлөгчид энэ аралд гэнэтийн айлчлал хийсний дараа цэргийн онгоцууд хөөргөж, сургуулилалт хийн сүрдүүлж байсан юм. Энэ удаад ч байдал давтагдав. Пелоси Тайваньд айлчлах сураг гарсны дараа л, өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид хатуухан мэдэгдэл хийж, үүний араас арлын орчимд цэргийн сургуулилалт хийж байсан бол даваа гарагт ч мөн албаныхан АНУ-д хандсан анхааруулга өгсөн юм. 

 

Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр Пелоси Тайваньд айлчилвал  "Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон хэрэг" болно хэмээгээд үүний улмаас "ноцтой үр дагавар гарна" хэмээн анхааруулсан. 

 

"Бид бүрэн бэлэн байдалд, сэрэмжтэй байгаа гэдгийг АНУ-д дахин анхааруулъя. Хятадын Ардын чөлөөлөх арми хэзээ ч гар хумхин суухгүй" хэмээн Жао Лижянь мэдэгдсэн юм. АНУ-ын албаны этгээдүүд Тайваньд айлчлах нь энэ арлын тусгаар тогтнолыг дэмжигчдэд үзүүлж буй дэмжлэг гэж Хятадын тал хардаг тул ийнхүү сүрдүүлсээр байгаа. 

 

Хятадын тал ийнхүү сүрдүүлсний дараа Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн спикер Жон Кирби CNN агентлагт ярилцлага өгөхдөө Пелоси Тайваньд айлчлахаар шийдвэл Байдены захиргаа түүний аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л арга хэмжээг авна хэмээн цохон тэмдэглэсэн юм. 

 

Түүнчлэн Пелоси Тайваньд айлчилсан тохиолдолд БНХАУ нөхцөл байдлыг хурцатгахгүй гэж АНУ найдаж байгаа аж. Ийм мэдэгдлийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гарагт хийжээ.

 

"Пелоси айлчлал хийхээр шийдэж, Хятад улс үүнтэй холбоотойгоор ямар нэг хямрал үүсгэх, бусад аргаар нөхцөл байдлыг хурцатгах гэвэл хариуцлагыг Бээжин бүрэн хүлээнэ. Пелоси Тайвань руу явахаар шийдвэл Хятад улс хариуцлагатай хөдөлж, цаашдаа ямар нэг хурцадмал байдал үүсгэхгүй гэж бид найдаж байна" хэмээн Блинкен мэдэгджээ.

 

Нэнси Пелоси Тайваньд айлчлахаар шийдсэн тохиолдолд түүний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах, Хятадын талын аливаа үйлдлийг тогтмол хянахаар Америкийн цэргүүд бүтэн өдрийн туршид ажиллаж байгаа талаар Пентагоны төлөөлөгчид мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, АНУ, Тайвань албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй. Гэхдээ 1979 онд АНУ-ын Конгресс баталсан "Тайваньтай харилцах акт"-ын дагуу АНУ Тайваньд батлан хамгаалахад нь туслах үүрэг хүлээсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АНУ-д Хятад юу гэж байгаа нь ер ямар хамаатай юм бэ ингэхэд.Хятадруу дайраагүй л бол болоо юм бишүү.
2022-08-02