"Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Айман Завахириг устгажээ
2022-08-02

Исламын "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Айман Завахириг Афганистанд устгасан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэнийг CNN дамжуулжээ. 

 

"Алан хядагчдын толгойлогч энэ хүн цаашид байхгүй. Бид хэзээ ч ухрахгүй" хэмээн Байден телевизээр дамжуулсан мэдэгдэлдээ онцолсон байна.

 

Байдены өгүүлснээр, "Аль-Каида"-ийн толгойлогч Завахиригийн байгаа газрыг Америкийн тусгай албаныхан энэ онд тогтоожээ.

 

"Тэрбээр Америкийн иргэд, цэргийн алба хаагчид, дипломатууд, Америкийн ашиг сонирхлын эсрэг аллага, хүчирхийлэл үйлдсэн" хэмээн Байден цохон тэмдэглэсэн байна.

 

Завахири удаан хугацаанд нуугдсан, Афганистаны нийслэл дэх байшинд ням гарагт оновчтой цохилт өгснөөр түүнийг устгасан гэж хэвлэлийн бага хурлын үеэр Цагаан ордны төлөөлөгч  мэдэгджээ.

 

"Кабулын энэ хэсэг газарт Завахири нуугдаж байгаа гэдгийг бид сүүлийн саруудад улам баталгаажуулсан. Удаан хугацааны туршид бид Завахириг энэ байшингийн тагтан дээр байхыг олж харсан, улмаар энэ түүнийг онилон оновчтой цохилт өгсөн юм" хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ. Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, дроноор Hellfire пуужин хаясан бөгөөд цохилтын улмаас энэ байшинд байсан Завахиригийн төрөл төрөгсөд төдийгүй ойролцоох байшингуудын оршин суугчид гэмтэж бэртээгүй гэнэ. 

 

"Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Завахиригийн эсрэг энэхүү тусгай ажиллагаа нь өнгөрсөн оны наймдугаар сард Америкийн цэргүүд гарснаас хойших Афганистан дахь анхны ажиллагаа болсон юм.

 

Энд дуулгахад, Завахириг 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагын зохион байгуулагч гэж АНУ үзсэн бөгөөд тэрбээр 2001 оноос хойш дүрвэж, нуугджээ. 2011 онд Осама бин Ладеныг Пакистанд устгасны дараа  Завахири "Аль-Каида" бүлэглэлийг толгойлох болсон байна. Завахириг олохын тулд АНУ түүний байгаа газрыг мэдээлсэн хүнд 25 сая доллар өгнө хэмээн амлаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин