БНХАУ: Галаар наадсан хүн түлэгддэг, арми зүгээр хараад суухгүй
2022-08-02

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилж болзошгүйтэй холбоотойгоор АНУ, Хятадын хоорондын харилцаанд сэв сууж мэдэхээр байна. Тайванийг өөрийн харьяаных гэж үздэг Хятадын эрх баригчид Пелосиг Тайваньд айлчлахгүй байхыг анхааруулж, сүрдүүлсэн өнгө аяс бүхий мэдэгдэл хийсээр байгаа юм.

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь өдөр бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ Нэнси Пелоси Тайваньд алйчилвал Ардын чөлөөлөх арми зүгээр хараад суухгүй хэмээн анхааруулжээ. Нэнси Пелоси Тайваньд айлчилж болзошгүйтэй холбоотойгоор БНХАУ санаа зовниж, эрс эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн гэдгийг Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцлоод, Тайваньд айлчлал хийвэл ноцтой үр дагавар дагуулах эрсдэлтэй хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

"Хүмүүсийн хүсэл зоригийг үл хайхарч болохгүй. Галаар наадаж байгаа хүн түлэгддэг. Америкийн тал Хятадын талаас өгч буй хүчтэй, ойлгомжтой дохиог ухамсарласан гэж найдаж байна" хэмээн Жао Лижянь мэдэгджээ.

 

Пелоси Азийн орнуудад хийх айлчлалаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Хятад түүний чиглэлийг анхааралтай ажиглаж байгаа гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцолсон байна.

 

"Тэрбээр Тайваньд айлчилвал Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон, БНХАУ-ын тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан, нэг Хятад зарчмыг ноцтойгоор зөрчсөн хэрэг болохын дээр Тайванийн бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдалд заналхийлж, Хятад, Америкийн харилцаанд ноцтой хохирол учруулан, нэн ноцтой, хүнд үр дагаврыг дагуулна" хэмээн Жао Лижянь мэдэгдсэн байна.

 

 

Пелоси Тайваньд айлчилж болзошгүй 

 

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси даваа гарагт Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзаж, бүс нутгийн нөхцөл байдал, Украины дайн болон цаг уурын өөрчлөлтийн талаар хэлэлцжээ. Азийн орнуудаар хийх Пелосигийн энэ удаагийн айлчлалын анхаарал татсан гол хэсэг нь Хятадын эрх баригчдын хатуухан мэдэгдлийн дараа ч Пелоси Тайваньд очих эсэх асуудал юм. 

 

Тайваньд айлчлах талаар албан ёсны хөтөлбөрт нь багтаагүй ч Пелоси ойрын өдрүүдэд Тайваньд газардаж, тэнд хононо гэж Тайвань болон АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар CNN мэдээлжээ. Түүнчлэн Тайванийн хэвлэлүүд ч Нэнси Пелосиг мягмар гарагт Тайваньд очиж, Тайбэйд хононо гэж нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.

 

Тайванийн хэвлэлүүдийн нэг, Liberty Times сонины мэдээлснээр лхагва гарагийн өглөө Пелоси  Тайванийн парламентад зочилж, улмаар цааш айлчлалаа үргэлжлүүлнэ хэмээн бичжээ. 

 

Пелоси Тайваньд айлчилж болзошгүйтэй холбоотойгоор долдугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми цэргийн сургуулилалт хийж байсан бол наймдугаар сарын нэгний өдрөөс эхлэн зургааныг хүртэл дахин сургуулилалт хийхээр болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Z:
Hyataduud yamaan omogtoi teneguud
2022-08-03
Иргэн:
БНХАУ АНУ-ын нохой юм.
2022-08-03