Тайванийн оршин суугчид Пелосиг айлчлахыг эсэргүүцэн жагсаж байна
2022-08-02

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси энэ өдрүүдэд Азийн орнуудаар айлчилж байна. Түүнийг энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Тайваньд айлчилж болзошгүй гэсэн мэдээлэл гарч, Хятад үүнийг эрс эсэргүүцэн удаа дараа сүрдүүлсэн мэдэгдэл хийж байлаа. Нэнси Пелосигийн айлчлалын хөтөлбөрт Тайвань албан ёсоор тусгагдаагүй ч түүнийг энэ арал дээр айлчилж болзошгүй гэсэн мэдээлэл гарч байсан.

 

Харин өнөөдөр буюу наймдугаар сарын хоёрны өдөр Bloomberg агентлаг Нэнси Пелоси Тайваньд айлчилна гэдгийг бататгасан мэдээлэл дамжуулсан байна. Энэ агентлагийн мэдээлснээр, наймдугаар сарын хоёрны 22:30 цагт Пелоси Тайваньд газардах аж. 

 

Нэнси Пелоси Тайваньд хөл тавих л юм бол Хятадын Ардын чөлөөлөх арми зүгээр хараад суухгүй гэж сүрдүүлж байсан БНХАУ өнөөдөр онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудаа далайд гаргасан юм. Ийнхүү Хятад Пелосигийн айлчлалыг эсэргүүцэж байгаа бол Тайвань арал дээр ч Пелосиг таагүй угтах бололтой. 

 

Тодруулбал, наймдугаар сарын нэгний өдөр Тайванийн олон зуун оршин суугч нэгдэн, Нэнси Пелосигийн айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд гартаа хуудас барин, "Буцаад яв", "Бид та нарыг талархан хүлээж авахгүй" хэмээн хашгирч байсан талаар GT мэдээлсэн байна. 

 

Тайванийн "Zhongtian News", "Zhongshi News Network" хэвлэлүүдийн мэдээлснээр, наймдугаар сарын нэгний өдөр Тайванийн "Иргэдийн мониторингийн тавцан", "Цэнхэр тэнгэрийн эвсэл" болон бусад иргэний нийгмийн байгууллагууд тайваньчуудыг эсэргүүцэлд нэгдэхийг уриалжээ. Тэд "Үзээрийн муухай америк улс төрчид", "Тайваниас зайл" гэх зэрэг хуудас гартаа барьсан байсан гэнэ. Эсэргүүцэгчид Тайванийн бүс нутагт нөхцөл байдлыг хурцатгахаар өдөөн хатгаж байгаа хэмээн Пелосиг буруутгажээ.

 

Энэ эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаагийнхан олон нийтийн эмх журмыг сахиулахын тулд олноор ирж ажилласан бөгөөд эсэргүүцлийн арга хэмжээ 17:30 цагт дууссан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
1 авгай ирээл яваа биз амласан юм байхгүй л байна даг юун сүртэй юм бэ хаха
2022-08-05
dd:
5 han gariin zurag tavichaad medee belddiin biz dee
2022-08-02