Багтай жагсаал хийсэн иргэдийг мөрдөн, шалгаж байна
2022-08-02

 

Долоодугаар сарын 16-ны өдөр  МУГЖ Д.Сосорбармын гэрийн гадна багтай хүмүүс жагсаал хийсэн хэрэг цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн. Уг хэргийн дагуу МУГЖ Сосорбарам цагдаагийн байгууллагад гомдол гарган, шалгуулах хүсэлт өгсөн. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

 

ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газрын дарга, дэд хурандаа Алтангадас: 2022 оны долоодугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн зуслангын байрлалд нүүрээ багаар халхалсан иргэд бүртгэлгүй жагсаал, цуглаан хийсэн хэрэг гарсан. Энэ хэргийн шалгалтын ажиллагааг Чингэлтэй дүүргийн цагадаагийн 2-р хэлтэс тухайн өдрөөс эхлэн шалгаж байна.

 

Одоогийн байдлаар эцcийн шийдвэр, дүгнэлт хараахан гараагүй байна. Цагдаагийн байгууллагаас тухайн жагсаал, цуглаанд оролцсон иргэдийн хэн гэдгийг нь тогтоон мэдүүлэг аван ажиллаж байна.

 

Мөн долоодугаар сарын 31-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн аманд нэр бүхий иргэдийн хашааны гадна хэсэг бүлэг багтай иргэд жагсаал хийсэн хэрэг давтагдсан. Тухайн хэргийг мөн мөрдөн, шалгаж байна.

 

Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн жагсаал зуглаан хийх иргэд, нам эвсэлүүд жагсаал цуглаан хийх журмын тухай хуулинд заасны дагуу жагсаал цуглаан хийх мэдэгдлээ хийхийг анхаарууллаа.

 

Ингэхдээ жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн тухайн нутаг дэвсгэрт холбогдох байгууллага, засаг даргад мэдэгдэж, бүртгүүлэх хуулийн зохицуулалтыг дагаж мөрдсөнөөр тухайн иргэд, аж ахуйн нэгжүүдэд хуулийн зүгээс асуудал үүсэхгүй” гэж мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин