Уулын Карабах дахин халуун цэг болов
2022-08-04 08:07

Он удаан жил сөргөлдөж, хэсэг хугацаанд намжмал байгаад 2020 онд дахин тулалдаж эхлээд талуудын оролцоотойгоор хэлцэлд хүрч байсан Армени, Азербайжаны мөргөлдөөн дахин эхэлжээ. Уулын Карабахын төлөөх тэдний тэмцэл энэ бүс нутгийг дахин халуун цэг болгов. 

 

Уулын Карабаөхын төлөөх Армени, Азербайжаны хоорондын ээлжит тулаанаас хойш хоёр жилийн дараа сөргөлдөөний бүс нутагт дахин байлдааны ажиллагаа эхэллээ. "Возмездие" хэмээх тусгай цэргийн ажиллагааны явцад Карабахын хэд хэдэн өндөрлөгийг эзлэн авсан хэмээн Азербайжаны Батлан хамгаалах яам наймдугаар сарын гуравны өдөр мэдэгджээ.

 

Азербайжаны Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, наймдугаар сарын гуравны өглөө Лачинск районд "Арменийн хууль бус зэвсэгт нэгдлийн гишүүд" гал нээсний улмаас Азербайжаны цэргийн алба хаагч амиа алдсан байна. Үүний хариуд Азербайжан "Возмездие" цэргийн ажиллагаа эхлүүлж, улмаар "Гырхгыз, Сарыбаба болон Бага Кавказын Карабахын нуруу дагуух чухал өндөрлөгүүдийг эзэлсэн" хэмээн БХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Хэлцлийг зөрчсөнд нэгнээ буруутгав

 

Уулын Карабахын бүсэд гал зогсоох тухай гурван талт хэлэлцээрийг зөрчсөн гэж Азербайжан Арменийг буруутгажээ.

 

"Азербайжаны нутаг дэвсгэр дээр болсон хэрэг явдлын төлөөх хариуцлагыг одоо хэр хөрш орны нутгаас зэвсэгт нэгтгэлүүдээ татаагүй Арменийн цэрэг, улс төрийн удирдлага хариуцна" хэмээн Азербайжаны Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Түүнчлэн тухайн нутаг дэвсгэрээс цэргээ бүрэн татахыг шаарджээ.

 

Харин Арменийн ГХЯ гурван тал хэлэлцээр зөрчсөнд Азербайжаныг буруутгав. "Бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах алхмыг Арменийн тал хийж байгаа ч Азербайжан Уулын Карабахын хүн амыг айлгах, урьдаас төлөвлөсөн бодлогоо үргэлжлүүлсээр байна" хэмээн Арменийн тал мэдэгджээ.

 

Карабахд дайчилгаа зарлав

 

Нөхцөл байдал дахин хурцадсантай холбоотойгоор, Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс (shuud.mn: Хүлээн зөвшөөрөгдөөгүй улс) -ын тэргүүн Араик Арутюнян хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах тушаалд наймдугаар сарын гуравны өдөр гарын үсэг зуржээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

Уулын Карабахд байлдааны ажиллагаа сэргэж, Азербайжаны Зэвсэгт хүчин дроноор цохилт өгсний улмаас цэргийн хоёр алба хаагч амиа алдаж, 14 хүн шархадсан гэж Карабахын Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Нөхцөл байдал дахин хурцадсаны дараа ОХУ-ын БХЯ мэдэгдэл хийхдээ гал зогсоох горимыг зөрчсөнд Азербайжаныг буруутгаж, "Азербайжан, Арменийн төлөөлөгчдийн хамт, Оросын энхийг сахиулагчдын удирдлаган дор нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна" хэмээн онцолжээ.

 

Сөргөлдөөн хэзээ эхлэв?

Уулын Карабах аль талд харьяалагдахаас болж хоёр талын хооронд 1988 онд сөргөлдөөн эхэлсэн юм. Армени Уулын Карабахыг өөрийн талд шилжүүлэх талаар хэдэнтээ асуудал хөндсөн ч энэ асуудал дэмжигдээгүй.

 

1988 оны долдугаар сарын 12-ны өдөр Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүнчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй эгсэн тогтоол гаргаж байжээ. Улмаар 1988 оны есдүгээр сараас арменчууд болон азербайжанчуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлж, 1990 оны эхнээс артиллери ашигласан тулаан эхэлсэн байна. 1990 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоон, 1991 оны дөрөв, тавдугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

 

Уулын Карабахын сөргөлдөөн нь хуучин Зөвлөлтийн орнуудын нутаг дэвсгэр дээр гарсан анхны томоохон зэвсэгт сөргөлдөөн болсон юм. Энэ сөргөлдөөнд хоёр тал хоёул галт зэвсэг төдийгүй ЗХУ задарснаас хойш Бүгд Найрамдах улсуудад үлдсэн хүнд хуягт техник, артиллери, нисэх хүчнийг ашигласан байна. 

 

Энх тайвныг тогтоосон нь

1994 оны тавдугаар сарын тавны өдөр Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ. 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

 

2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм. Хамгийн сүүлд, 28 дахь удаагийн уулзалт 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

 

Талуудын шаардлага 

Азербайжан нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, дүрвэгчид болон шилжин суурьшигчдыг Уулын Карабах руу буцаах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Зөвхөн энэ шаардлага хангагдсан нөхцөлд л Азербайжан Уулын карабахын статусыг тодорхойлох, энэ бүс нутгийг бүгд найрамдах улсын. бүрэлдэхүүнд өөртөө засах эрх олгох талаар хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгддэг байна. 

 

Харин Арменийн хувьд Уулын Карабах бие даасан статустай байх ёстой гэж үздэг бөгөөд Азербайжаны бүрэлдэхүүнд эргүүлэн оруулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Уулын Карабахын статусыг олон улс хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн үздэг байна. 


Сөргөлдөөн дахин эхэлсний шалтгаан 

2020 оны зун хоёр орны батлан хамгаалах яам Азербайжан, Армений хил дээр тулаан дахин эхэлсэн талаар мэдэгдэж байв. Нөхцөл байдал долдугаар сарын 12-ны өдөр хурцдаж байсан юм. Талууд нэгнээ сөргөлдөөнийг өдөөсөн , гал зогсоох горимыг зөрчсөн гэж буруутгаж байв. Аль аль тал нь хохирол амсаж, есдүгээр сарын 27-ны өдөр ээлжит дайн эхэлжээ. Улмаар сөргөлдөөн эхэлснээс хойш 16 дахь өдөр ОХУ, Азербайжан, Армени гэсэн гурван талт, гал зогсоох хэлэлцээ хийж байв. Гэсэн ч хэлэлцээр үйлчилсэнгүй, хэд хоног сөргөлдөж байгаад намжмал байдалд орж, Оросын энхийг сахиулагчид бүс нутагт хяналт тогтоох болсон юм. 

 

Хоёр талын хүчний харьцаа 

 

Азербайжаны арми 72 000 хүнтэй. Харин Арменийн зэвсэгт хүчин 45 000 хүнтэй бол Уулын Карабахын армид 20 000 дайчин байдаг гэж КП агентлаг мэдээлжээ. 

 

Азербайжаны танкийн тоо 320, Арменийнх 108, Уулын Карабахынх 250. БМП, БТР Азербайжанд 350 байгаа бол Арменид 300, Уулын Карабахд 300 бий.

 

Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний тухайд Азербайжанд 45 зенит пуужингийн комплекс, Арменид 20, Уулын Карабахд 4 байдаг аж. 

 

Азербайжанд 57 онгоц, Арменд 19, Уулын Карабахд хоёр байдаг бол нисдэг тэрэгний тухайд Азербайжанд 35, Арменид 31, Уулын Карабахд 10 байдаг юм байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Отгооо:
Завсарын бүс нутаг гэж хөгийн тоглоомын цлс бүртгэж гаргаад бүүр холион бантан.яг Украйнтай адил түүх давтагдаж хүн ардыг хооронд нь муудалцуулах ажил л сайн хийдэг.. Адгийн новшнууд Орос
2022-08-07
иргэн:
ХОГИЙН оРОСУУД ИЙМ БАЙДАЛ БИЙ БОЛГОЖ ҮҮГЭЭР ЭНЭ 2 УЛСЫГ БАРЬЦААЛДАГ
2022-08-04
Оросуудаас болоод хоорондоо байлдаж бгаа.ЗХУ задрахад хилийг нь яг тогтоож өгөөгүй яг киргиз узбек хоёр шиг .Иванууд бсан газар болгон....
2022-08-04
бүх дайн газраас болдог худлаа шалтаг хэлээл хүүхэн газар 2оос болж дайтдаг байсан одоо ч хэвээрээ
2022-08-04