БНХАУ Тайванийг тойрон байлдааны буудлага бүхий цэргийн сургуулилалт эхлүүлэв

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн ойролцоо, тэнгисийн зургаан хэсэгт байлдааны буудлага бүхий өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалтыг пүрэв гарагт эхлүүлжээ. Энэ талаар Хятадын Төв телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар наймдугаар сарын дөрөвний 12:00 цагт цэргийн сургуулилалтыг эхлүүлсэн бөгөөд энэ сургуулилалт наймдугаар сарын долооны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Ийнхүү өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийх болсон нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд наймдугаар сарын хоёрны өдөр хийсэн айлчлалд өгч буй хариу юм. Энэ айлчлалыг БНХАУ "нэг Хятад" зарчмыг ноцтой зөрчсөн, БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд халдсан явдал гэж үзэж байгаа. Улмаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын Элчин сайдыг дуудаж, шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ