Сармагчны цэцэг өвчний дэгдэлтийн улмаас АНУ-д онц байдал зарлав

Сармагчны цэцэг өвчин дэгдэж байгаагийн улмаас эрүүл мэндийн салбарт албан ёсоор онц байдал зарлаж байгаагаа АНУ мэдэгдлээ. Энэ талаар The Hill сонин дамжуулсан байна.
"Энэ вирустэй тэмцэхийн тулд шинэ арга хэмжээ авахад бэлэн. Вирустэй тэмцэхэд бидэнд туслахын тулд Америк хүн бүр үүнд нухацтай хандахыг бид уриалж байна" хэмээн АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн албаны сайд Хавьер Бесерра мэдэгджээ.
АНУ-д эрүүл мэндийн салбарт онц байдал тогтоосноор өвчний дэгдэлтийн үеийн арга хэмжээнд тусгайлан зориулагдсан нэмэлт санхүүжилтийг авах, вакцин, эм бэлдмэлийн хуваарилалтыг сайжруулах боломжтой юм байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ-д сармагчны цэцэг өвчний тохиолдол 6,6 мянга бүртгэгдсэн байна. Өвчний голомт нь Нью-Йорк байгаа бол үүний араас, өвчний тохиолдлын тоогоор Калифорни бичигдэж байгаа аж. АНУ албан ёсоор, эрүүл мэндийн салбартаа онц байдал зарлахаас өмнө Нью-Йорк муж, Нью-Йорк хот онц байдал тогтоож байв.
Сармагчны салхин цэцэг
Сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ
Сармагчны салхин цэцэг өвчин туссан үед биеэр идээт батга, цэврүү бүхий тууралт гардаг аж. Энэ тууралт хэсэг хугацааны дараа арилсан ч хүний бие дээр бүх насаар нь арилахааргүй сорви үлддэг гэнэ. Тууралт нь өвчний хүндрэлээс хамаарч харилцан адилгүй. Гурваас, дөрвөн долоо хоногийн дараа өвчин эдгэрдэг энэ өвчний далд үе нь 7-21 хоног байдаг бол халдвар авснаас хойш ихэвчлэн 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрдэг юм байна. Халдвар авсны дараа толгой өвдөх, булчин, нуруугаар өвдөх, нозоорох, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Маш ховор тохиолдолд, ихэвчлэн бага насны хүүхэд энэ өвчний улмаас энддэг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ