Pink Floyd-ийг үндэслэгч Украины дайнд Байденыг буруутгав

Британийн Pink Floyd рок хамтлагийг үндэслэгч, 78 настай Рожер Уотерс хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украины дайнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг буруутгажээ.
Рожер Уотерс CNN сувгийн сэтгүүлч Майкл Смерконишт ярилцлага өгсөн бөгөөд энэ үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Украин дахь галыг дэвэргэж байгаа нь асар том гэмт хэрэг" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ярилцлагын үеэр сэтгүүлч "This is not a drill" шоу хийн Хойд Америкаар аялсантай холбоотой нь асуулт тавьжээ. Тоглолтын үеэр асар том дэлгэцэн дээр, Рожер Уотерс "цэргийн гэмт хэрэгтнүүд" гэж үздэг хүмүүсийн гэрэл зураг гардаг аж. Нэг зураг дээр Жо Байденыг дүрсэлсэн байх бөгөөд "Энэ бол зөвхөн эхлэл" гэсэн бичиг гарч байжээ.Ийнхүү Байденыг дүрсэлсэн шалтгааныг сэтгүүлч асуухад тэрбээр дараах хариултыг өгсөн байна.
"Яах вэ, тэр (shuud.mn: Жо Байденыг хэлж байна) Украинд гал өрдөж байна, энэ бол асар том гэмт хэрэг".
Цаашлаад тэрбээр сэтгүүлчид өөрт нь асуулт тавьжээ.
"Олон украин, орос хүнийг хөнөөж байгаа энэ аймшигт, харгис дайныг зогсоохын тулд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг АНУ яагаад "сэрээж болохгүй вэ?" хэмээн асуухан сэтгүүлч Смеркониш түүнийг "андуурсан" байна гээд, "халдлагад өртсөн талыг буруутгаж байна" хэмээсэн байна.
Харин Рожерс өөрийн байр суурийг хадгалж, Оросын хилд тулж ирсэн НАТО-ын үйлдэлд ОХУ хариу өгөх шаардлагатай байсан тул дайн үүссэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Pink Floyd-ийг үүсгэн байгуулагч ийм ярилцлага өгсний дараа ихээхэн шуугиан дэгдсэн байна. Тухайлбал Австри дахь Украины Элчин сайд Александр Щерба түүнийг Орос руу явж амьдрахыг "зөвлөжээ".
"Хөөе, Рожер Уотерс, чи анх, Путин хэтэрхий сайн хүн учраас дайн болохгүй гэж байсан. Харин дайн нэгэнт дэгдчихсэн энэ үед дайн бодит шалтгаантай байсан гэж ярьж байна. Зүрх сэтгэлгүй, хайр энэрэлгүй, төөрөлдсөн хүний оронцог минь, чи Орос руу очиж амьдраач" хэмээн Щерба Твиттер хуудсандаа бичжээ.
Харин Оросын Ерөнхий сайд асан Дмитрий Медведев "ВКонтакте" сүлжээнд "Баруунд ч зөв бодолтой хүмүүс байдаг л юм байна. Pink Floyd forever!" хэмээн бичсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ