БНХАУ өөр нэг сургуулилалт эхлүүлж, Бохайн тэнгисийн хэсгийг сарын хугацаанд хаав
2022-08-08 13:51

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг "Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг" хэмээн эсэргүүцсэн Хятадын эрх баригчид наймдугаар сарын дөрөвнөөс наймны хооронд Тайванийг тойрон цэргийн сургуулилалт хийсэн юм. Тэдний сургуулилалт үүгээр дууссангүй, өнөөдрөөс дахин өөр сургуулилалт эхлүүлжээ. 

 

Коммерсант сонины мэдээлснээр, наймдугаар сарын наймнаас есдүгээр сарын наймны өдрийн хооронд БНХАУ дахин цэргийн сургуулилалт явуулахаар болсон байна. Үүнтэй холбоотойгоор Бохайн тэнгисийн хэсгийг хаахаар болсон талаар БНХАУ-ын Тэнгисийн аюулгүй байдлыг хангах газар мэдэгджээ. 

 

"Тодорхой цэгүүдэд цэргийн даалгавар гүйцэтгэнэ. Тиймээс энэ бүс рүү орохыг хориглосон" хэмээн Тэнгисийн аюулгүй байдлыг хангах газар мэдэгджээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Хятад мөн л сургуулилалтын улмаас Шар тэнгисийн нэг хэсгийг хааж байлаа. Энэ сургуулилалт нь Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотой юм. Пелоси аралд зочилсон нь АНУ бүс нутаг дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх шалтаг гэж БНХАУ үзсэн. Тиймээс үүний хариу болгож БНХАУ АНУ-тай зарим асуудлаар харилцах хэлэлцээгээ зогсоосон юм.

 

Хятадын арми Тайвань руу довтлох сургуулилалт хийжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин