Монголд айлчилж буй НҮБ-ын тав дахь тэргүүн Антонио Гутерреш
2022-08-09 09:54


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчилахаар наймдугаар сарын наймны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Түүний айлчлал наймдугаар сарын наймнаас 11-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Антонио Гутерреш наймдугаар сарын наймны үдэш Улаанбаатар хотод газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чингис хаан ОУ-ын нисэх буудалд тосож авсан байна. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нь 1949 оны 04 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.


Тэрбээр Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ сарын дөрөвний өдөр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалынхаа хүрээнд Антонио Гутерреш Япон Улсад зочилж, Хирошимагийн Энх тайвны дурсгалын өдрийн арга хэмжээнд оролцжээ. Түүний айлчлал Монгол Улс, БНСУ-д хийх айлчлалаар үргэлжлэх юм байна.  

 


Ташрамд дурдахад, Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төвшинд  дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан юм. Тэрбээр Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд цаг уурын өөрчлөлт ба   энхийг сахиулах ажиллагааг дэмжиж, түүний үр нөлөөг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаанд түлхүү анхаарах тал дээр байр сууриа баримталж ирсэн билээ. 

 

Ц.Наранцацрал
 

Shuud.mn
Сонин хачин