Флорида дахь Трампын гэрт Холбооны мөрдөх товчооныхон нэгжлэг хийжээ
2022-08-09 10:25

Флорида дахь Мар-а-Лаго байранд нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд нэгжлэг хийсэн талаар Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа өөрийнх нь олон нийтийн сүлжээ болох Truth Social дээр мэдээлсэн байна. 

 

"Манай үндэстний хувьд хар өдрүүд эхэлжээ. Учир нь Флорида мужийн Палм-Бич дэх Мар-а-Лаго гэх миний сайхан байр яг одоо бүслэлтэд орсон, Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчдийн бүлэгт эзлэгдсэн байна. Энэ бол прокурорын газрын хууль бус үйлдэл, намайг 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хүсэхгүй байгаа зүүний ардчилагчид хууль ёс тогтоох системийг зэвсэг болгон ашиглаж байгаа явдал " хэмээн Трамп бичжээ. Нэгжлэг хийж буйн шалтгааны талаар тэрбээр мэдээлээгүй байна.


Трампын гэрт ийнхүү нэгжлэг хийх үед Трамп гэртээ байгаагүй, Нью-Йоркт байсан, харин Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүний гэрт зохих зөвшөөрөлтэйгээр нэвтэрсэн гэж CNN агентлаг мэдээлжээ. 

 

Энд дуулгахад, Трамп 2021 оны нэгдүгээр сараас хойш байнган оршин сууж буй Мар-а-Лаго байрандаа ерөнхийлөгчийн албан ёсны баримт бичгүүдийг аваачсан хэргээр мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн талаараа АНУ-ын Хуульзүйн яам дөрөвдүгээр сард мэдээлж байлаа. Энэ газарт Цагаан ордны баримт бичиг бүхий 15 хайрцаг илэрсэн, тэдгээрийн зарим нь нууц баримтууд байсан гэж АНУ-ын Архив, баримт бичгийн үндэсний газар Конгресст мэдээлсний дараа ийнхүү мөрдөх ажиллагааг эхлүүлж байв. 

 

АНУ-ын хуульд зааснаар, албан тушаалаасаа буусан ерөнхийлөгч бүхий л захидал, ажлын баримт бичиг, цахим шуудангуудыг Үндэсний архивт шилжүүлэх ёстой байсан ч Трамп эдгээрийг гэртээ аваачсан нь мөрдөх ажиллагаа явуулах үндэслэл болж байлаа. Үүний дараа Трамп зарим баримт бичгийг архивт эргүүлэн өгөхийг зөвшөөрсөн хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Трампыг 2024 оны сонгуульд ялчих вий гэж хуурамч ардчилагчид долларын эзэд зэвсэг үйлдвэрлэгчид сандарч байна.
2022-08-09