Айлчлал арвин жил: Дөрвөн сарын хугацаанд дөрвөн сайд Монголд айлчиллаа
2022-08-09 11:36

Сүүлийн нэг жилийн хугацаанд манай улсын гадаад харилцаа эрчимтэй өргөжин тэлж байна. Үүнийг илтгэхүйц айлчлалууд ар араасаа болж, улмаар Монголыг дэлхийн анхааралд оруулсаар байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хоорондох хугацаанд гэхэд л дөрвөн орны Гадаад хэргийн сайд айлчилсан бол өнөөдөр НҮБ-ын тэргүүн 13 жилийн дараа Монголд айлчилж байна. 2022 онд болсон айлчлалуудыг эргэн нэг сануулъя. 


Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши 

Айлчилсан хугацаа: Дөрөвдүгээр сарын 30-наас Тавдугаар сарын хоёр  

Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь  Монгол Улсад хийж буй зургаа дахь  айлчлал болсон. Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нь Монгол, Японы  Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. 

 

Айлчлалаар стратегийн түншлэлийн харилцааг хоёр улс гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон ба Энэ түншлэлийн дунд хугацааны 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хоёр талдаа сайтар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, бодитой хамтын ажиллагааг тусгасан агуулгатай байгуулахаар тогтжээ.

 

Геополитикийн нөхцөл байдлаараа огт өөр хоёр улс хэдий ч “Эрх чөлөө ба ардчиллын үзэл санаа” агуулсан анд нөхөр, мөн “Гуравдагч хөрш”-ийн хувиар Япон Улс цаашид ч Монгол Улстай хамтдаа байхыг хүссэн билээ. 
 


Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд З.Рау

Айлчилсан хугацаа: Зургаадугаар сарын тавнаас Зургаадугаар сарын зургаан

Айлчлалын үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг түлхүү ярилцсан юм. Мөн олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар болсон юм.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров
 

Айлчилсан хугацаа: Долдугаар сарын тавны өдөр

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийсэн ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхсан юм.

Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцсэн билээ. Мөн энэ айлчлалын үеэр, ОХУ удаан хугацаанд эсэргүүцэж байсан Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажлыг "Лавровоор зөвшөөрүүлсэн" гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч байгаа юм. 

 

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И 
 

Айлчилсан хугацаа: Наймдугаар сарын 7-8 ны өдрүүд

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон. 

 

Энэ айлчлалаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлыг эрчимжүүлэх, нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, хоёр орны худалдааны харилцааг идэвхжүүлэх үүднээс төмөр зам, автозамын тал дээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. 


ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей

Айлчилсан хугацаа: Долдугаар сарын 10-14ний өдрүүд 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий захирал О.Азулейг хүлээн авч уулзсан бөгөөд тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хариуцагч Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин нартай тус тус уулзалт хийж цаашид манай улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцсон билээ.

Мөн түүнчлэн  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей нар Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хооронд 2022-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү ажлын айлчлал нь Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг бататгасан чухал айлчлал болж өнгөрсөн. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш

Айлчлах хугацаа: Наймдугаар сарын 8-11ний өдрүүд 
Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. 
Уг айлчлал нь Монгол Улсад НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн хүрээнд дөрвөн удаа айлчлал хийж байсан бол энэ удаагийнх 13 жилийн дараа хийж буй тавдах айлчлал болж буй. 
Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хөгжиж байна.
 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин