А.Гутерреш: Бид хойч үедээ байгаль орчноо сайхан хэвээр нь хүлээлгэн өгч чадаагүй
2022-08-09 13:25

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар ‘Тэрбум мод’ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Энэ үеэр МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Антониа Гутерреш нар үг хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг цайруулах, ой усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ажлыг байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль дэлхийтэйгээ харилцах зөв соёлыг ард иргэд, хүүхэд залуучуудад сурталчлан түгээх ач холбогдолтой юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнд залуучууд идэвхтэй оролцож байна. Энэ өдөр бидэнтэй хамт НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагын талархлыг хүлээж байгаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, өөрийн биеэр оролцож байна.

 

Нэг мод тарихад түүнийг дагаж ургах бут, сөөг, өвс ургамал, хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмэр оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, нэг сая, тэрбумаар тоологдох мод таривал бүс нутгийг эрүүлжүүлэх ач холбогдолтой хэмээн эрдэмтэд тогтоосон. Тийм учраас Монголчууд бид байгаль дэлхийгээ хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх уриалга гаргаад байна” хэмээв.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш


"Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлье.Дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад энх тайван, тогтвортой байдлыг дэмжин бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар харуулан, хүлээсэн үүргээ биелүүлж байгаад нь бид гүнээ талархаж байна.

 

2030 он гэхэд Нэг тэрбум мод тарьна гэсэн байгальд ээлтэй санаачилга гаргасанд тань баяр хүргэе мөн талархал илэрхийлье. Таны санаачилсан энэхүү хөтөлбөрт бяцхан хувь нэмрээ оруулах боломж олгосонд талархаж байна.  Бидний үеийнхэн байгаль орчиндоо ээлтэй, ариг гамтай хандаж чадаагүй. Бид байгаль орчныг бохирдуулсан, байгалийн баялгаа гамгүй хэрэглэсэн. Бид хойч үедээ байгаль орчноо сайхан хэвээр нь хүлээлгэн өгч чадсангүй. Бид энэ алдааныхаа үр дагаврыг одоо амсаж байна. 

 

Мөн энд хуран цугларсан хүүхэд залууст баяр хүргэмээр байна. Танай Ерөнхийлөгч Монголын хүүхэд залуус байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог гэж надад  хэлсэн. Та бүхний үйлсийг талархан хүлээн авч баяр хүргэмээр байна" хэмээлээ. 

 

Ташрамд дурдахад: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн  2021 оны 10 дугаар сарын дөрвөнд эхэлсэн билээ. Тэрээр байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм. 
 

Shuud.mn
Сонин хачин