Монгол улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байхад анхаарна
2022-08-09 13:35

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн чухал түнш болохыг онцлон тэмдэглэв.

 

Өнөөгийн байдлаар Монгол Улс олон талт олон улсын 306 гэрээ, үүний дотор хүний эрхийн үндсэн 8 гэрээ, тэдгээрийн нэмэлт 9 протокол, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрлөх эрхийн суурь 8 конвенцод нэгдэж орсон. Манай улс эдгээр олон талт олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг үндэсний хууль тогтоомж, бодлого үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллаж байгааг дурдав.

 

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо дахин нотолж, өнгөрсөн 2021 оны 12 дугаар сард Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан  өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

 

 

Мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн. Тиймээс Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг Монгол Улсад байгуулах талаарх санаачилгыг дэмжин ажиллахыг хүсэв.

 

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн гаргасан Гэр бүлийн хүчирхийлэл болон КОВИД-19 цар тахалтай тэмцэх уриалгыг Монгол Улс дэмжиж, Анд нөхдийн бүлгийг зарим улстай хамтран байгуулж, үндсэн санаачлагчаар ажиллаж байна. Энэ хүрээнд парламентаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудлаар сонсголыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.

 

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд Монгол Улс ардчилсан шилжилтийг амжилттай хийсэн Азийн жишиг улс болохыг онцлов.

 

Түүнчлэн Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг онцолсон. Тэрбээр цар тахал, олон улсын нөхцөл байдлын улмаас хилийн хорио дэглэм тогтож, худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн амаргүй цаг үед Монгол Улсын төр засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

 

 

Ноён Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх нь монгол хүн бүрийн дэлхий дахины байгаль орчныг хамгаалах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй чухал үйл хэрэг болохыг цохон тэмдэглэлээ.

 

Түүнчлэн Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарлаж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулсан. Энэ удаагийн айлчлал цөмийн зэвсэггүй бүс нутагт хийж буй айлчлал гэдгээрээ чухал ач холбогдолтой.

 

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн энхтайвныг эрхэмлэгч улс. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Ташрамд тэмдэглэхэд, Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин