Украины дайнд хоригдлууд оролцож байгаа гэдгийг ОХУ анх удаа хүлээн зөвшөөрөв

Оросын "Россия-1" телевизийн "Вести" хөтөлбөрөөр Никита Михалковын "Бесогон ТВ" нэвтрүүлгийн хэсгийг гаргажээ. Энэ хэсэгт Донбасст хоригдол Константин Тулинов "баатарлагаар" амиа алдсан талаар Михалков өгүүлэх аж.
"2023 оны хоёрдугаар сард тэр суллагдах байлаа. 2022 оны хавар фронт руу, Донбасс руу илгээхийг хүсэн өршөөл гуйсан юм. Энэ хүсэлтийг нь хүлээн авсан" хэмээн Михалков өгүүлжээ.
Михалковын нэвтрүүлэгт Тулиновтай нэг хороонд байсан залуугийн яриаг ч оруулсан байна. Түүний өгүүлснээр, Тулинов хөлөндөө шархаджээ. Бусад цэргүүд бүслэлтэд орохгүйн тулд нуувч руугаа ухрахаар шийдэх үед Тулинов тэднийг галаар хамгаалж, Украины гурван цэргийн хамт өөрийгөө дэлбэлсэн гэнэ.
Михалковын өгүүлж байгаагаар, Тулинов долдугаар сарын 14-ний өдөр амиа алджээ. "Байгуулсан гавьяаных нь төлөө төр засаг түүнд талархаж, өршөөсөн бөгөөд байлдаанд оролцсон бусад хүмүүсийн адилаар түүний ар гэрийнхэнд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ" хэмээн Михалков ярьсан байна.
Энд дуулгахад, Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер бүлэглэл" долдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн Украины дайнд оролцуулахаар хоригдлуудыг элсүүлж байна гэх мэдээллийг анх "Важные истории" цахим хуудас мэдээлж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр, тэр үеэс хойш 1000 гаруй хоригдол дайнд оролцохыг зөвшөөрсөн байж магадгүй гэнэ. Вагнерчууд хоригдлуудыг элсүүлэхдээ, дайнд оролцоод хагас жилийн дараа амьд эргэн ирсэн хоригдлуудын ялыг өршөөнө хэмээн амалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ