"Сэлэнгэ-2022" цэргийн сургуулилалт өндөрлөжээ

Ховд аймагт зохион байгуулагдсан, Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ-2022" цэргийн сургуулилалт байлдааны буудлага, цэргийн техникийн парадаар өндөрлөсөн гэж Оросын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээллээ.
"Орос, Монголын мотобуудлагын хэсгүүд хуягт тээвэрлэгчидтэйгээр, Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэрэг, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, танк эсэргүүцэх гранатомет, минометоор халхавчлан нутаг дэвсгэрийг чөлөөлөх, "хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах" сургуулилалтыг говь уулархаг нөхцөлд хийлээ" хэмээн хэвлэлийн албаны мэдээнд өгүүлжээ.
Мөн "Сэлэнгэ-2022" цэргийн сургуулилалтын түүхэнд анх удаа "Панцирь-С" зенит пуужин-их бууны комплексийг ашигласан гэдгийг онцолсон байна. Энэ сургуулилалтад нийт 1200 орчим цэргийн алба хаагч, 300 байлдааны болон тусгай техник оролцжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ