"Тамгагүй төр" жүжгийн хаалтын тоглолтыг дамжуулна гэсэн "NTV" телевизийн эндүүрэл ба үзэгчдийн хүлээлт
2022-08-11 11:07

Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг "Hero entertainment" продакшны захирал Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр толилуулж байгаа билээ. Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн юм.

 

“Тамгагүй төр" жүжгийг тасралтгүй 99 удаа тоглож, 50 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. Мөн энэ хугацаанд ойролцоогоор таван тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл цацагдсан.

 

Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр Тамгагүй төр жүжгийг  NTV телевизээр 12.00 цагт Univision хэрэглэгчид 8 дахь сувгаар, Skymedia хэрэглэгчид 3 дахь сувгаар, DDISH хэрэглэгчид 9 дэх сувгаар дамжуулан орон даяар үзэх боломжтой хэмээн цахим орчинд түгээд байсан билээ.

 

Гэтэл өндөр хүлээлт үүсгэсэн  жүжгийг үзэгчид 12 цагаас 19 цаг хүртэл нүдээ ширгэтэл хүлээн үзэж чадсангүй. Үүнд бухимдсан иргэдийн хувьд явцгүй маркетинг ашиглан олны анхаарлыг татсан нь ёс зүйгүй үйлдэл гаргаж Монголчуудыг молиго модон чихэр үмхүүлчихлээ хэмээн үзэгчдийн гомдол тасрахгүй байлаа.

 

Хэдий энэхүү жүжгийг бүтээхийн тулд жүжигчдээс гадна олон мянган хүн арын албанд ажиллаж хөлс хүчээ гарган ажилласан бүтээлийг үнэгүй үзэх нь зарим талаараа байж боломгүй ч үзсэн хүн бүр магтан биширч, сэтгэл ханамжтай байсан жүжгийг Үзэх боломж нь байсан ч цаг зав, ар урдах ажлаас шалтгаалан үзэж чадалгүй яваа нэгэнд үнэгүй телевизээр дамжуулна гэх нь хэн хүний дотор үзэх хүсэл төрөх нь лавтай.

 

Ямартай ч "NTV" телевизийнхэн алдаа гаргасан уу, эсвэл үзэгчид эндүүрчив үү. Уг хэрэгтээ тус телевизээр “Тамгагүй төр” жүжгийг шууд дамжуулах бус 100 дах тоглолтын эргэн тойронд хэмээх нэвтрүүлэг бүтэн долоон цагийн турш цацагдсан. Тэгвэл жинхэнэ 100 дах удаагийн хаалтын  тоглолтоо наймдугаар сарын 25-нд толилуулах юм гэнэ.

Shuud.mn
Сонин хачин