Ким Жон Ун COVID-19 тусчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун коронавирусийн халдвар аваад эдгэрчээ. Энэ талаар түүний дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Суртал, ухуулгын хэлтсийн орлогч эрхлэгч Ким Ё Жон мэдэгдсэнийг Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна.
"Хэдийгээр тэр хүнд өвдсөн, өндөр халуурч байсан ч энэ тахлын эсрэг дайнд халамж анхаарал тавих ёстой ард түмнийхээ талаар байнга бодож, нэг ч минут зүгээр хэвтээгүй" хэмээн Ким Ё Жон мэдэгджээ.
Ким Ё Жоны өгүүлснээр, Хойд Солонгосын удирдагч шинэ төрлийн коронавирусийн халдвартай нүүр тулсан олон сая хойд солонгос хүний нэг байсан гэнэ. Түүнийг ийн мэдэгдэхээс өмнө, наймдугаар сарын 11-ний өглөө Ким Жон Ун улс орон нь коронавирусийг ялсан хэмээн албан ёсоор зарлаж байв.
Эргэн сануулахад, цар тахлын хоёр жил гаруйн хугацаанд нэг ч халдвар илрээгүй гэж мэдэгдэн, вакцинаас ч татгалзсан байсан Хойд Солонгосын эрх баригчид коронавирус дэгдсэн талаар 2022 оны тавдугаар сарын 12-нд л анх мэдэгдэж байлаа. Улмаар шуурхай арга хэмжээ авч, хөл хорио тогтоож байсан бөгөөд тавдугаар сард энэ улсад өдөрт л 300 мянга гаруй тохиодол шинээр илэрч байв. Харин долдугаар сарын 29-нөөс хойш нэг ч халдвар илрээгүй, БНАСАУ тахлыг даван туулсан гэж эрх баригчид нь мэдэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ