ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа дайрч, дайн эхэлснээр 169 дэх өдрөө хоёр тал тулалдаж байна. Дайн эхэлснээс хойш Украины 14 сая оршин суугч орон гэрээ орхижээ. Дайны 169 дэх өдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Байлдааны ажиллагаа
Оросууд Луганск болон Донецк мужуудад бүрэн хяналтаа тогтоохоор довтолсон ч Украины цэргүүд дайралтад хариу өгч, Оросын цэргүүд ихээхэн хохирол амссаны улмаас ухрахаас аргагүй болсон гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын илтгэлд өгүүлжээ.
Наймдугаар сарын 11-ний өдөр Николаев, Украинка зэрэг нийт 11 суурин газарт иргэний болон цэргийн дэд бүтэц рүү оросууд буудсан байна. Түүнчлэн зургаан бүс нутгаас холгүйхэн агаараас цохилт өгчээ.
Америкийн Дайн судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, Оросын цэргүүд Харьковоос хойд, баруун хойд зүгт удаа дараа довтолсон ч амжилтгүй болж, Донецкийн орчимд урагшлахаар оролдож байгаа гэнэ. Мөн Орлов мужид дахин нэг сайн дурын батальоныг байгуулсан гэж шинжээчид мэдээлжээ.
Оросын амссан хохирол
Дайн эхэлснээс хойш ОХУ гуравдугаар сард л ганц удаа хохирлынхоо талаар мэдээлснээс хойш дахин энэ талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд цэргийн хохирол нь хуулиараа төрийн нууцад хамаардаг учир дэлгэх боломжгүй гэж мэдэгдэж байлаа. Харин Украин болон барууны орнуудын тагнуулын албад Оросын цэргийн хохирлын талаар тогтмол мэдээлэл гаргадаг юм.
Украины Ерөнхий штабын мэдээлснээр, өнгөрсөн хоногт украинчууд "200 эзлэн түрэмгийлэгчийг устгасан" байна. Ингэснээр, Украины нутаг руу түрэмгийлснээсээ хойш ОХУ 43 мянган цэргээ алдсан хэмээн Украины тал мэдэгджээ.
Хүчээ зузаатгах оролдлого
Сүүлийн үед дайнд сайн дурынхныг татан оролцуулахын тулд хууран мэхлэх, эсвэл үндэсний цөөнхүүдэд төрөл бүрийн амлалт өгөх замаар батальон байгуулж байгаа гэх мэдээлэл гарах болсон.
Тухайлбал, The Insider, Bellingcat хэвлэлүүдийн эрэн сурвалжлах нийтлэлд Оросын хугацаат цэргүүдийг хууран мэхлэж, эсвэл албадан фронт руу илгээсэн, цэргүүдэд хоол хүнс, эмнэлгийн тусламж хангалтгүй байгаа, эцэг эх нь олзлогдсон эсвэл амиа алдсан хүүхдүүдийнхээ талаар ямар ч мэдээлэл авч чадахгүй байгаа талаар онцолжээ.
Үүний зэрэгцээ, дайн эхэлсэн өдрөөс л Оросыг дэмжиж байсан Беларусиас энэ дайнд олон хүн оролцоход бэлэн байгаа гэнэ. Беларусийн цэргийн алба хааж буй болон чөлөөндөө гарсан 13 мянга орчим цэргийн алба хаагч Украины эсрэг дайнд Оросын талд байлдахыг зөвшөөрсөн гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын төлөөлөгч Алексей Громов мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.
Украины талын мэдээлснээр, Беларусиас татагдах цэргүүдэд шан харамж амлаж байгаа учир тэд дайнд оролцохыг зөвшөөрсөн гэнэ.
Эстони оросуудыг нэвтрүүлэхгүй
Украины Ерөнхийлөгч Зеленский болон Гадаад хэргийн сайд нар Оросын иргэдэд виз олгохгүй байхыг барууны орнуудад хандан уриалсан. Үүнийг ЕХ авч хэлэлцэхээр болсон бөгөөд эхний алхмыг Эстони улс хийжээ.
Тодруулбал, Эстони улсаас Шенгений виз авсан Оросын иргэдийг Эстони руу нэвтрүүлэхийг тус улсын засгийн газар хориглохоор болсон байна.
Эстони улсын Гадаад хэргийн сайд Урмас Рейнсалугийн мэдэгдсэнээр, ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд, түүний гэр бүл, ЕХ-ны жуулийн дагуу чөлөөтэй зорчих эрхтэй этгээдүүд, ачаа тээвэрлэгчид болон хүмүүнлэгийн шалтгаанаар зорчих хүмүүст дээрх хориг үйлчлэхгүй аж. Түүнчлэн ЕХ-ны бусад орнуудаас Шенгений виз авсан оросуудад мөн хамаарахгүй гэнэ.
Латви улс Оросыг "терроризмыг санхүүжүүлэгч улс" хэмээн нэрлээд бусад орнуудыг ч Оросыг "терроримзыг санхүүжүүлэгч" гэж хүлээн зөвшөөрөхийг уриалж, харин ЕХ-д хандан Орос, Беларусийн иргэдэд аяллын болон зорчих виз олгохоо зогсоохыг уриалсан байна.
Харин энэ тал дээр Герман улс өөр байр суурьтай байгаа юм. Украинд болж буй үйл явдал нь "Путиний дайн" хэмээн Германы канцлер Олаф Шольц мэдэгдээд, Путин болон түүний хүрээллийнхний эсрэг олон хориг тавьсан, цаашид ч хоригоо чангатгана, гэхдээ бүх оросын эсрэг хориг тавих нь зөвтгөх аргагүй хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |