Запорожийн АЦС-ын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралджээ
2022-08-12 08:31

НҮБ-ын Аюулгүйн зевлөл Оросын санаачилгаар Запорожийн атомын цахилгаан станцыг тойрсон нөхцөл байдлыг хэлэлцлээ. 

 

Энэ станцын орчимд наймдугаар сарын тавны өдрөөс эхлэн буудалцаан гарч эхэлсэн тул Оросын тал Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлахыг шаардаж байв. Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаанд МАГАТЭ-ийн Ерөнхий захирал Рафаэль Гросси оролцож, МАГАТЭ-ийн төлөөлөгчдийг аль болох хурдан атомын цахилгаан станц руу нэвтрүүлэхийг талуудад хандан уриалсан байна.

 

Атомын цахилгаан станцын орчимд байлдааны ажиллагаа явагдах нь гагцхүү Орос, Украин төдийгүй бусад улс орон, дэлхий дахинд аюул заналхийлж буй явдал юм. Үүнд Оросын тал Украиныг буруутгасан бол барууны орнууд энэ эрсдэлийг гагцхүү Орос үүсгэсэн хэмээн Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгджээ. 

 

"Өргөн цар хүрээтэй довтолгоо эхлүүлснээрээ энэ эрсдэлийг өдөөн хатгасан цорын ганц улс нь Орос. Гагцхүү энэ улс л Украинаас цэргээ гарган, өнөөгийн аюул заналыг үгүй болгож чадна" хэмээн АНУ-ын төлөөлөгч Бонни Женкинс мэдэгджээ. 

 

Мөн ийм байр суурийг Их Британи, Франц болон Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүд болох бусад барууны орнуудын төлөөлөгчид ч илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин