Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлийн нислэгээр ирсэн гадаадын иргэн зөвшөөрөгдөх хэмжээнээс их доллар бэлнээр авч явж байсныг хураасан гэж Буриадын Гаалийн газар мэдээлснийг Байкал дейли дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдүүлснээр, тухайн зорчигч их хэмжээний доллар авч явж байсан ч энэ талаараа гаалийн мэдүүлэгт тусгаагүй, ногоон бүсээр нэвтрэхийг завдсан гэнэ. Ногоон бүс нь тухайн зорчигч гаалийн мэдүүлэгт тусгах шаардлагатай бараа, их хэмжээний мөнгөн дэвсгэрт биедээ авч яваагүй үед хилээр нэвтрэх зурвас юм. Улаанбаатараас ирсэн зорчигч энэ ногоон бүсээр нэвтрэх үед гаалийн албаны үнэрч нохой зорчигчийн цүнхийг үнэрлэн, "дохио өгснөөр" долларыг илрүүлжээ.
Улмаар гаалийн ажилтнууд үзлэг хийхэд зорчигч 14800 доллар бэлнээр авч явж байсан нь илэрсэн байна. Энэ нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс 4800 доллараар их бөгөөд тухайн зорчигч гаалийн мэдүүлэгт энэ талаараа тусгаагүй байжээ. Ингээд тухайн зорчигчид Захиргааны хэрэг зөрчлийн хэрэг нээж, зөвшөөрөгдсөнөөс илүү гарсан мөнгөн дэвсгэртийг хураасан хэмээн Буриадын Гаалийн газар мэдээлсэн байна.
Энд дуулгахад, ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу, 10 мянгаас дээш хэмжээний доллар эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг ОХУ-ын нутаг руу оруулж байгаа бол гаалийн мэдүүлэгт зайлшгүй тусгаж, мөнгөний эх үүсвэрийг нотлох баримт үзүүлэх шаардлагатай. Энэ журмыг зөрчвөл Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагад татагдах, гаалийн мэдүүлэгт тусгаагүй мөнгөний тал хувь эсвэл үүнээс дээш, хоёр дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгууль ногдуулж болзошгүй аж.
Г.Бямбасүрэн