Хүнс ачсан хоёр хөлөг онгоц Украины боомтоос хөдөллөө

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан хоёр хөлөг онгоц баасан гарагт Украины боомтуудаас хөдөлсөн, нэг онгоц нь Ираныг зорино гэж Туркийн Батлан хамгаалах яам Твиттер хуудсандаа бичжээ.
Туркийн талын мэдээлснээр, Белизийн далбаа бүхий Sormovsky хөлөг онгоц 3,5 мянган тонн улаан буудай ачин, Черноморск боомтоос хөдөлж, Туркийн Текирдагийг зорьсон байна. Харин Маршаллын арлуудын далбаа бүхий Star Laura хөлөг онгоц 60 мянган тонн эрдэн шиш ачин Өмнөд боомтоос Ираныг чиглэн хөдөлжээ.
Энд дуулгахад, Орос, Украины хооронд дайн эхэлснээс хойш Украины экспортын боомтууд хаагдан, энэ улс үр тариагаа дэлхийн улс орнууд руу нийлүүлэх боломжгүй болсон юм. Дэлхийн үр тариан томоохон нийлүүлэгч Украин улс ийнхүү экспортын гарцгүй болсон нь Украины эдийн засагт төдийгүй олон орны хүнсний хангамжид аюул заналхийлж байлаа. Улмаар энэ асуудлыг шийдэх хүрээнд Орос, Украин, Турк, НҮБ хамтарсан хэлэлцээ хийж, Хар тэнгисээр дамжуулан үр тариа, хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх хэлэлцээрт долдугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурж байв. Энэ хэлэлцээрийн дагуу Украин болон ОХУ үр тариа тээвэрлэж буй хөлөг онгоцуудад цохилт өгөхгүй байх үүрэг хүлээсэн. Улмаар Украины үр тариа ачсан эхний хөлөг онгоц наймдугаар сарын нэгний өдөр Одессын боомтоос хөдөлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ