Армени: Худалдааны төвд болсон дэлбэрэлтийн улмаас таван хүн амиа алджээ
2022-08-15 08:48

Наймдугаар сарын 14-ний өдөр, Арменийн нийслэл Ереван хотод байх томоохон худалдааны төвийн пиротехникийн агуулахад дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас гал гарч, хэд хэдэн барилга нурсан талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, худалдааны төвд дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдсан гэж ням гарагийн орой мэдээлж байсан бол эрэн хайх, аврах ажиллагааны үеэр энэ тоо нэмэгджээ.

 

Аврагчид барилгын нуранган доороос хоёр цогцос гарган авснаар амиа алдсан хүний тоо тав болсон байна. Түүнчлэн дэлбэрэлтийн дараа 17 хүн ор сураггүй болсонд тооцогдож, 61 хүн гэмтэж бэртсэнээс 40 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гал унтраах ажил үргэлжилж байгаа бөгөөд 185 аврагч хэргийн газар дээр ажиллаж байгаа хэмээн Регнум агентлаг мэдээлжээ.

 

Дэлбэрэлт болсон шалтгааныг эцэслэн тогтоогоогүй ч тэсэрч дэлбэрэх аюултай, шатамхай бодисыг хадгалах, тээвэрлэх журмыг зөрчсөн, санамсар болгоомжгүйгээр хүний амь насанд хүрсэн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин