Гармажапова: Буриадад нийтийн тээврээр дүүрэн дайнд уриалсан зарлалууд

ОХУ Украины эсрэг дайн өдүүлснээс хойш фронт руу голчлон буриадуудыг явуулж байгаа, цэргийн гэмт хэрэгт голчлон буриадаас татагдсан цэргүүд буруутгагдаж байгаа гэхчлэн мэдээлэл цуврах болсон. Улмаар Буриадад энэ байдлыг эсэргүүцсэн, буриадуудыг олноор нь фронт руу илгээж байгааг сөрөн зогсож, бие даасан байдал, иргэний эрхээ ухамсарлахад нь туслах байгууллага Буриадад бий болсон юм. Үүнийг сэтгүүлч Александра Гармажапова болон түүнтэй үзэл бодол нэгтнүүд байгуулжээ. Оросын Posttimees сайт сэтгүүлч Гармажаповатай ярилцсаныг товчлон хүргэж байна.
– Өнөөдөр Буриадын нутгийн хүн ам дайнд хэрхэн хандаж байгаа вэ?
– Буриадын хүн ам нэг сая ч хүрэхгүй, гэтэл дайнд 281 буриад амиа алдчхаад байна. Хэдэн мянган километрийн цаана дайн болоогүй, цогцос хажууд нь ирснийг хүмүүс ойлгож байгаа. Амиа алдсан цэргүүдийг таньдаг, эсвэл дам таньдаг хүн олон.
Дайн эхэлснээс хойших эхний 20 өдөрт буриадууд хамгийн эхээр амиа алдсан. Суртал ухуулгач Артем Шейнин "Нэгдүгээр суваг"-ийн эфирээр гуравдугаар сард буриадуудад хандан, буриадаар "Ах дүүс ээ, ажиллацгаа" хэмээж байлаа. Энэ үгийг тэр зориуд буриадаар хэлсэн. Энэ бол суртал ухуулгын нэг хэсэг. Харин бид дайныг эсэргүүцэж байна. Бидний зорилго бол суртал ухуулгыг сөрөх.
Би өөрөө буриад эмэгтэй, өөрийгөө Путиний тулаанч буриад гэж бодохгүй байна. Бүх буриад хүн Путин болон дайныг дэмжээд байдаггүй.
- Оросын өмнөд хэсэг, Донын Ростов хотод ч хүмүүс дайнд таагүй хандаж байна. Олон л шалтгаан бий, тухайлбал эндэхийн хүмүүсийн хамаатан садан нь Украинд байгаа шүү дээ...
–Оросын энгийн нэг иргэн "тусгай ажиллагаа"-г дэмжиж, "Путин бол сайн хүн" гэх мэт ярихыг сонсохоороо би "чи тэгвэл яагаад сайн дурын цэрэг болж фронт руу явахгүй байгаа юм?" гэж асуудаг. Энэ асуултад тэд огт өөрөөр хариулна. Хүмүүс аймшгийн кинонд дуртай, гэхдээ ийм киноны баатрууд байхыг хүсдэггүй.
Буриадад, улс төр сонирхдоггүй хүмүүсийн ч дургүйцлийг төрүүлж байгаа нэг асуудал бий. Яагаад москвачуудыг дайнд явуулдаггүй вэ? Манайд нийтийн тээврүүдээр дүүрэн дайнд уриалсан зарлалууд бий. Улс оронд баатар хэрэгтэй гээд томоор бичсэн байх нь тэр.
Москвад баатрууд байдаггүй юм уу гэж хүмүүс асуудаг. Цатгалан Москва биш харин яагаад буриадууд амиа алдах ёстойг хүмүүс ойлгохгүй байгаа. Москвагаас цэргийн албанд татагдсан хүн амиа алдвал ар гэр нь гурван сая рублийн тэтгэмж авна. Харин Буриадад ердөө нэг сая. Энэ нь энгийн хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.
- Танай "Эрх чөлөөт Буриад" сан хэр амжилттай явж байна?Танай сангийн ачаар буриадууд цэргээс буцаж ирсэн үү?
– Энэ бол гол амжилт. 150 хүн гэртээ эргэж ирсэн. Гэрээт цэргүүд анх бидэнд хандаж байхдаа их айж байсан. Анхдагч байна гэдэг хэцүү шүү дээ. Харин одоо цэргүүдийн ээжүүд дүрс бичлэгээр уриалга, хүсэлт гаргах болсон. Цэрэг Илья Каменскийн ээж хүү нь гэрээгээ цуцалж чадахгүй хичнээн их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагаа ярьсан. Түүний араас бусад цэргүүдийн ар гэрийнхэн ч дуу хоолойгоо илэрхийлэх болсон юм. Тэд Холбооны зөвлөл, Батлан хамгаалах яам, Цэргийн прокурорын газар руу ил захидал илгээсэн. ОХУ-ын бусад бүс нутагт ч ийм хандлага газар авч байгаа талаар хараат бус хэвлэлүүдийн сэтгүүлчид бичих болсон. Энэ бол дайн эсэргүүцэж байгаа үр дүнтэй арга гэж би бодож байна. Тулалдах хүн байхгүй бол дайн ч байхгүй.
Манай сан дайныг эсэргүүцдэг. Хоёр талаас хоёулангаас нь хүмүүс амиа алдахыг эсэргүүцдэг. Путин 2015 онд Донецкийн босогчид гэсэн халхавчин дор Донбасс руу Псковын десантынхан, Буриадын танкчдыг илгээх болсон. Псковын десантынхан Донецкийн уурхайчидтай адилхан харагдаж чадна, харин буриадууд царай төрх нь огт өөр. Тэр үеэс эхлээд л "Путиний тулаанч буриадууд" гэх нэршил гарсан. Анхандаа тэднийг "Донбассын индианууд" гэж нэрлэдэг байлаа.
Кремль "Путиний тулаанч буриадууд Украины айж эмээсэн ард түмэнд хандаж байна" гэсэн бичлэг хийж байв. Ингээд л бид "тулаанч" нэртэй болчихсон. Украин руу түрэмгийлэл эхлэхэд мөн л буриадуудыг түрүүлж явуулсан.
– Танай сангийн үйл ажиллагаанд дэлхийн олон оронд амьдардаг буриадууд оролцдог. Тэд юу хийдэг вэ?
– Тэд мөн л дайн эсэргүүцдэг. Бид дүрс бичлэг бэлдэхээр шийдсэн. "Путиний тулаанч буриадууд Украины айж эмээсэн ард түмэнд хандаж байна" гэсэн бичлэг гарсны дараа бид "Буриадууд дайны эсрэг" гэсэн бичлэг хийхээр шийдэж байлаа. Тухайн үед Казахстан, Чех, Финланд, АНУ, Их Британи болон бусад орноос 19 хүн нэгдсэн юм.
Ийм бичлэг хийснээр биднийг үзэн ядна даа гэж бодож, бусдаас ирэх дайралтад бэлэн байсан. Гэтэл "Ингэж нэг хэн нэгэн нь дугарах гэж. Би ганцаараа л ийм бодолтой гэж бодож байлаа" гэхчлэн бидэнд хандаж эхэлсэн. Энэ байдлаас харахад Буриадад дайныг эсэргүүцсэн хүн олон байгаа ч цензурээс болоод нэгнээ олж сонсож чадахгүй байгаа юм байна гэж бид бодох болсон.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ