Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжиж байна
2022-08-15

 

Улаанбаатар хотод 205 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн онд явуулсан түүвэр судалгаагаар гэр хороололд амьдарч буй иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтээ илэрхийлжээ. Улаанбаатарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил ямар түвшинд хэрхэн өрнөж байгаа талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа.

 

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ онд хийж хэрэгжүүлж буй ажлын явц ямар байна вэ?

 

-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил нийслэл Улаанбаатар хотод 2013 оноос эхэлсэн. 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 57 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч төсөл хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд 2519 айл газраа чөлөөлж, 12 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллын 5000 гаруй /5182/ янданг буулгасан.

 

Түүнчлэн төслийн хүрээнд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж байгуулан ашиглалтад оруулсаар байгаа юм. Өнгөрсөн хугацаанд жилд дунджаар 1500 айлыг орон сууцанд оруулдаг байсан бол 2021 оноос эхлэн дэд бүтцийн хүрээнд олон арга хэмжээ хэрэгжүүлж энэ жилээс эхлэн 5-6 мянган айлыг орон сууцтай болгохоор төлөвлөөд ажиллаж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар 13-14 мянган айлын орон сууц ашиглалтад ордог. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 7300 айл шинээр орон сууцанд ороод байна. Оны эцэс гэхэд 15 мянган орон сууц ашиглалтад орохоор байгаа.

 

-Газраа чөлөөлж буй айл өрхүүдийг орон сууцанд оруулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ. Газраа чөлөөлсөн ч байрандаа орж чадаагүй хохирсон иргэдийн асуудлыг шийдсэн үү?

 

-Өнгөрсөн хугацаанд газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьшуулах байранд түрээсийн мөнгийг нь өгөөд байр орон сууцыг нь баригдаж дуустал хүлээдэг байсан. Өнгөрсөн жилээс дахин төлөвлөлтийн ажилд оролцож байгаа барилгын компаниудын хувьд айл өрхүүдээс газрыг нь үнэ тохиролцон худалдаж авах, эсвэл эхэлж барьсан орон сууцандаа шууд оруулах хоёр хэлбэрээр асуудлыг шийдэж байгаа. Ийнхүү бэлэн мөнгө болоод бэлэн байр олгох болсон нь иргэд хохирохгүйн дээр дахин төлөвлөлтийн ажил хурдацтай урагшлах боломж олгож байна. Нэг ёсондоо санхүүгийн чадавхтай, үйл ажиллагааны туршлагатай үндэсний компаниуд дахин төлөвлөлтөд орж ирэх болсон гэсэн үг. Тиймээс дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй явж байгаа.

 

Өнгөрсөн хугацаанд газраа чөлөөлсөн ч байрандаа орж чадаагүй 680 орчим айл  байсан. Эдгээр айл өрхийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг дарга бодитой шийдвэр гаргасны үр дүнд 500 гаруй айлын орон сууцанд нь оруулсан. Одоо 100 орчим айлын асуудал шийдлээ хүлээж буй юм. Хохирсон айлын асуудлыг энэ ондоо шийдэхээр компаниуд ажилдаа ороод байгаа. Нийслэлийн зүгээс дээрх гурван байршилд дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэхээр ажиллаж байна.

 

 

-Дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны хорооллууд баригдаж байгаа. Нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

 

-Орон сууц шинээр барьж буй компаниудын хувьд 70:30 харьцааг баримтлахыг шаардаж байгаа. Нийт талбарынхаа 70 хувьд орон сууц барьж, үлдэж буй 30 хувьд ногоон байгууламж байгуулах ёстой. Дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй хорооллуудын хувьд 50:50 харьцаатай байхаар зураг, төслийг гаргаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг ч зэрэг шийдэж байгаагаараа давуу талтай. Сургууль, цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлж байгаа. Энэ онд нийслэлд дөрвөн сургууль, зургаан цэцэрлэгийг орон сууцны барилгатайгаа зэрэгцүүлэн барьж байгуулж байна.

 

-Гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

 

-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд гурван байршилд хэсэгчилсэн дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Ингэснээр тухайн бүсэд хаус хороолол барих боломж бүрдэнэ гэсэн үг. Эхний жишээ бол Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд хийгдсэн үйлчилгээний төв байгаа. Нийтдээ 300 айлыг холбоно гэж тооцоод дэд бүтцийг гудамжуудад татсан. Одоогийн байдлаар 150 айл холбогдоод байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
100айл яасан бэ сбд 11,12 хороо
2022-08-15