Талибан төрийн эрхэнд гарсны нэг жилийн ой буюу Афганистаны хямрал, сүйрэл
2022-08-16 08:14

Одоогоос яг нэг жилийн өмнө, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдөр "Талибан" хөдөлгөөний дайчид Кабулыг эзлэж байлаа. Энэ нь АНУ тус бүс нутгаас цэргээ гаргаж эхлэн, Афганистаны цэргүүд хүчгүйдэж эхлэх үеэр болсон үйл явдал бөгөөд талибууд Кабулыг эзлэснээс хойш хоёр долоо хоногийн дараа АНУ цэргээ бүрэн гаргаж дууссанаа зарласан юм.
Улмаар есдүгээр сарын эхээр талибууд өөрсдийнх нь хяналтад ороогүй байсан сүүлийн мужийг эзлэн, 20 жил үргэлжилсэн дайн дууссаныг зарлав. Үүнээс хойш нэг жилийн дотор талибуудын удирдлаган дор байгаа Афганистан хэрхэн өөрчлөгдөв? 

 

Эдийн засгийн хямрал 

Талибууд Афганистаны засгийн эрхийг авсны нэг жилийн ой болж байгаатай холбоотойгоор энэ хугацаанд Афганистанд ямар өөрчлөлт гарсан талаар судлаач, шинжээчид тус бүрийн дүгнэлтийг өгч байна. Олон улсын судалгааны байгууллагуудын хийсэн дүн шинжилгээнээс харахад Афганистаны 2022 оны төсөв 2020 онтой харьцуулахад 60 хувиар буурчээ. 

Өмнөх засгийн газрын үед энэ улс гадаадын тусламжаас бараг бүрэн хамааралтай байсан бөгөөд төсвийнх нь 75-80 хувийг барууны орнуудын дэмжлэг эзлэдэг байж. Харин талибууд засгийн эрхэнд гарснаар энэ байдал эрс өөрчлөгджээ. 

ВВС агентлагийн мэдээлснээр, Афганистаны эдийн засаг 30-40 хувиар агшсан байна. АНУ Афганистаны Төв банкны хөрөнгийг царцааснаар энэ банк үндсэн үүргийнхээ ихэнхийг биелүүлэх чадваргүй болжээ. Түүнчлэн Талибаны эсрэг тавьсан хоригийн улмаас гадаадын банк болон бусад санхүүгийн байгууллагууд Афганистаны данстай хамааралтай ихэнх шилжүүлгийг хязгаарлах эсвэл бүр цуцлах шаардлагатай болсон байна. 


Axios-ийн мэдээлснээр, 2022 онд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 52 хувиар өсч, хүн амын дундаж орлого сүүлийн 10 жилийн хамгийн доод төвшинд буюу нэг хүнд жилд 375 доллар оногдохоор хэмжээнд очжээ. 2022 онд ажилгүйдлийн төвшин 40 хувь ( 2020 онд 13 хувьтай байсан) харин нийт хүн амын 97 хүртэлх хувь нь нэн ядуу төвшинд очиж болзошгүй хэмээн НҮБ үзэж байгаа юм. 


Хүмүүнлэгийн хямрал 

НҮБ-ын мэдээлж байгаагаар, одоо Афганистаны хүн амын тал хувь нь нэн ядуу амьдарч байгаа гэнэ. Энэ улсын 23 сая хүн хүнсний хомстолд орсон бол олон хүн өлсгөлөнтэй нүүр тулжээ. Хоёр сая гаруй хүүхэд хоол хүнсний дутагдалд орсон байна. 


Энэ хямрал ган гачиг, зургадугаар сард болсон газар хөдлөлтийн уршгаар улам даамжирчээ. 2022 оны зургадугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 6000 орчим хүн гэмтэж бэртсэн юм. Энэ газар хөдлөлтөөр олон арван суурин бүрэн, хэсэгчлэн сүйдсэн байна. 


Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээллээр, Афганистаны айл өрхийн 70 орчим хувь нь хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа гэнэ. Нэн ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй айл өрхийн амьдрал хүнд байдалд оржээ. 


Эмэгтэйчүүдийн эрх 

Талибууд засгийн эрхэнд гарснаар эмэгтэйчүүдийн эрхийг эрс боомилж эхэлсэн юм. “Ийм өргөн цар хүрээтэйгээр охид, эмэгтэйчүүдийн эрхийг боомилж байсан тохиолдол дэлхийн хаана ч байхгүй” хэмээн НҮБ-ын тайланд онцолжээ. 

“Талибан” бүлэглэл засгийн эрхэнд гарсан даруйдаа охидыг дунд сургуульд явахыг нь хориглож, их дээд сургуульд эмэгтэй оюутнуудыг эрэгтэйчүүдээс тусад нь сургах шийдвэр гаргасан юм. Талибууд засаглахаас өмнө их сургуульд элсэж амжсан эмэгтэй оюутнуудыг эрчүүдээс тусгаарлан сургах ийм шийдвэр гаргасан бол яг амьдрал дээрээ олон эмэгтэй хавчлага, шахалтад өртөж, сургуулиа орхихоос аргагүй болсон гэж Эмнести интернэшнл мэдээлсэн байна. 


Талибууд засгийн эрхэнд гарсныхаа дараа бүх эмэгтэйчүүдийг олон нийтийн газар явахдаа нүүр, биеэ хаасан хувцас өмсөх журам гаргасны дээр энэ журмыг зөрчсөн бол тухайн эмэгтэйн төрөл садны эрчүүд баривчлагдах, эсвэл ажлаасаа халагдах шийтгэл хүлээх аж. Түүнчлэн эмэгтэйчүүдийг онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг “зөвлөсөн” юм. 

Ихэнх эмэгтэйчүүд талибууд засгийн эрхэнд гарсны дараа ажилгүй болсон. Одоо гагцхүү эрчүүд орлож чадахааргүй ажлыг ч эмэгтэйчүүд гүйцэтгэж байгаа аж. Мөн талибууд засагласан нэг жилийн хугацаанд бага насны хүүхдийг нөхөрт гаргах, албадан гэрлүүлэх тохиолдол эрс нэмэгдсэн талаар Эмнести интернэшнл мэдэгдсэн байна. 


Булшлагдсан хэвлэлийн эрх чөлөө 


Талибууд засгийн эрхэнд гарснаар тус улсад хараат бус хэвлэл үгүй болсон юм. Энэ улсад үйл ажиллагаа явуулж байсан “ВВС”, “Америкийн дуу хоолой”, “Deutsche Welle ” зэрэг олон улсын агентлагуудын салбар редакциуд хаагдсан байна. 

 

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын тайланд дурдсанаар, жилийн хугацаанд Афганистаны сэтгүүлчдийн тоо 60 хувиар буурсан буюу 12 мянган хэвлэлийн ажилтнаас ердөө 5000 хүрэхгүй нь ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж. Мөн эмэгтэй сэтгүүлчдийн 75 хувь нь ажлаасаа халагдаж, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 40 орчим хувь нь үүд хаалгаа барьжээ. 

 

2022 онд Афганистан улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 156 дугаарт жагсав. Үүнээс жилийн өмнө 122 дугаар байранд бичигдэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Америкгүй бол ийм л юм болно шт
2022-08-16