Путин Зөвлөлтийн үеийн шагналыг сэргээжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зөвлөлтийн үед олгож байсан "Баатар эх" цолыг сэргээсэн талаар BMF мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, "Баатар эх" цол бий болгох тухай тушаалд наймдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байна.
"Баатар эх" цолыг 10 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн, ОХУ-ын иргэн эмэгтэйд олгох аж. Ийм цол авсан иргэнд нэг удаад нэг сая рублийн тэтгэмж олгох юм байна. Мөн өргөмжлөл, очир эрдэнэ шигтгэж, алтадсан одон олгох гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, "Баатар эх" цол нь "Оросын баатар", "Хөдөлмөрийн баатар" зэрэг цолтой зэрэгцэн ОЛХУ-ын дээд цолын жагсаалтад орох юм байна.
Энд дуулгахад, "Баатар эх" цолыг 1944 оноос эхлэн ЗХУ-д олгож эхэлжээ. Одоогийн шалгууртай ижил, 10 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд ийм цол олгодог байсан аж. "Баатар эх" цолыг ЗХУ-ын 400 мянга гаруй эмэгтэй хүртэж байсан бөгөөд ЗХУ задран унасны дараа ийм шагналыг олгохоо больсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ