БНХАУ: Нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдэмгий арга хэмжээ авна
2022-08-16

АНУ Хятадын эрх баригчдын анхааруулгыг үл хайхран, Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилж, АНУ, Хятад, Тайванийн хоорондын харилцаа хурцадсан байгаа энэ үед Америкийн төлөөлөгчид дахин Тайваньд айлчилсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. 

 

АНУ-ын Конгрессын төлөөлөгчид ням гарагт Тайваньд газардаж, даваа гарагт албан уулзалтуудаа эхлүүлсэн бөгөөд БНХАУ энэ айлчлалыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид АНУ энэ байдлаа үргэлжлүүлвэл БНХАУ-ын зүгээс "шийдэмгий алхам хийнэ" хэмээн Хятадын эрх баригчид анхааруулжээ. 

 

Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь наймдугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл хийхдээ нэг Хятад зарчмыг хатуу мөрдөх, Хятад, Америкийн хамтарсан хэлэлцээрийг чандлан мөрдөх, Тайваньтай холбоотой асуудлыг анхааралтай, зохих ёсоор шийдэхийг АНУ-д хандан уриалсан байна. Түүнчлэн БНХАУ үндэсний тусгаар байдал, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдэмгий, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэн хэмээн онцолжээ. 

 

АНУ-ын сенатч Э.Марк тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын зүгээс эрс эсэргүүцэж, анхааруулж байгааг үл хайхран Хятадын Тайваньд айлчилж байгаа нь нэг Хятад зарчим, АНУ, БНХАУ-ын хэлэлцээрийг зөрчсөн, Хятадын тусгаар байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг, түүнчлэн "Тайванийн тусгаар тогтнол"-ын төлөө зогсдог салан тусгаарлагчдад буруу дохио өгч байгаа явдал хэмээн Ван Вэньбинь цохон тэмдэглэжээ. 

 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайвань аралд айлчилсан дуулиан намжаагүй байтал АНУ-ын төлөөлөгчид дахин энэ арлыг зорьсон нь Хятадын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Наймдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Конгрессын сенатч Эд Марк тэргүүтэй төлөөлөгчид Тайваньд хоёр өдрийн айлчлал хийхээр газардсан дараа Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Лю Сяомин Твиттер хуудсаараа дамжуулан айлчлалыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. 

 

"Энэ бол галаар наадаж байгаатай адил тун аюултай алхам. Галаар наадсан хүн түүндээ түлэгдэж үхдэг" хэмээн Лю Сяомин бичжээ. Түүнчлэн улс орных нь дотоод хэрэгт оролцохоо зогсоож, "нэг Хятад" бодлогыг баримтлахыг Вашингтонд уриалж байгааг цохон тэмдэглэж байв. 

 

Хятад улс нэгдэхэд саад болохыг завдсан хэн бүр 1,4 тэрбум иргэний гараар бүтсэн "агуу ган ханатай" нүүр тулна гэж тэрбээр анхааруулжээ. Лю Сяоминаас өмнө, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ч мөн адил хүн амынхаа тоог сануулж, "сүрдүүлж" байлаа. Тэрбээр Пелосигийн айлчлалын дараа, энэ асуудлаар мэдэгдэл хийхдээ "1,4 тэрбум хятадын эсрэг тэмцэх нь "сайнаар дуусахгүй" хэмээн анхааруулж байсан юм. 

 

"Хариуцлагаа зөрчиж, Тайванийн асуудлаар зориудаар өдөөн хатгах нь АНУ-д итгэх итгэлийг улам бүр алдагдуулна. 1,4 тэрбум хятадын эсрэг тэмцэх нь яаж ч байсан сайнаар дуусахгүй" хэмээн Ван И мэдэгдэж байв.

 

Энд дуулгахад, БНХАУ Тайванийг өөрийн нэг муж, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн нэгдэх нутаг дэвсгэр гэж үздэг тул Тайваньтай аливаа орон тусгаар улс мэтээр харилцахыг эрс эсэргүүцдэг. Тиймдээ ч АНУ, Тайванийн харилцааг буруушааж, сүүлд Пелоси айлчлах үеэр армиа бэлэн байдалд оруулан, айлчлалын дараа ч цуврал цэргийн сургуулилалт хийж байсан юм. Түүнчлэн Тайванийг нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй байх хандлага сүүлийн үед гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд л, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газраас гаргасан "Тайванийн асуудал ба шинэ эрин дэх Хятадын нэгдэл" цагаан номонд Тайванийг нэгтгэхийн тулд энх тайвны замаар бүхий л аргыг хэрэглэнэ , гэхдээ хүч хэрэглэхгүй гэх баталгаагүй хэмээн тусгасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
1 Hyatad baih ёstoi gedeg Hyatadiin zarchim mash zov.herev Amerik bolon NATo Taivaniig avch gemee niHyatad Taivaniig ash hurdan ezleh heregtei aih hereggui uudend Puujin tsomiin zevsgee zoono .
2022-08-17
Hahah tgd 300n udaa anhaaruulaad baidaa tsaasan luunuudaa lol
2022-08-16
Гоминдан ухраад эзэлж чадаагүй байж одоо юун бүрэн бүтэн байдал вэ? Тэд Америкийн тусламжтайгаар эрх чөлөөтэй сайн сайхан амьдарч байна
2022-08-16