Шотланд эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэглэл үнэгүй авах эрхийг хуульчлав
2022-08-16

Сарын тэмдгийн үеэр ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй авах эрхийг хуулиараа олгосон анхны улс нь Шотланд болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Сарын тэмдгийн үеийн бараа бүтээгдэхүүний тухай хууль хэмээх шинэ хуулийн дагуу ариун цэврийн хэрэглэлийг шаардлагатай байгаа эмэгтэйчүүдэд орон нутгийн захиргаа болон сургалтын байгууллагууд үнэ төлбөргүй олгох юм байна. Энэ хуулийг 2020 онд Шотландын парламент баталсан ч одоо л хүчин төгөлдөр болж байгаа аж. 


Хуульд зааснаар, ариун цэврийн хэрэглэлүүд нь үнэ төлбөргүй байхын дээр охидод ичих, эмээх мэдрэмж төрүүлэхээргүй нөхцөл байдалд олгох ёстой гэнэ. Судалгаанаас харахад, 14-21 насны охидын хувьд сарын тэмдгийн үе тун хүнд тохиодог бөгөөд тэд ариун цэврийн хэрэглэл худалдаж авахдаа ичих, сэтгэл санаа нь тавгүйрхдэг байна.

 

Энэ хуулийг санаачилсан хүн нь Лейборист намын Моника Леннон бөгөөд тэрбээр 2017 оноос эхлэн "сарын тэмдгийн үеийн ядуурал" буюу охид эмэгтэйчүүд шаардлагатай нөхцөлд ариун цэврийн хэрэглэл худалдан авч чаддаггүй хүндрэлтэй тэмцэх аяныг явуулж байгаа аж.

 

"Амьдралын өртөг хурдацтай өсөж байгаа өнөөгийн хямралт нөхцөлд Сарын тэмдгийн үеийн бараа бүтээгдэхүүний тухай хууль нь итгэл найдварын дохио. Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд гарч буй том ололт" хэмээн Моника Леннон онцолжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, цар тахлаас ч өмнө Young Scot  болон Hey Girls залуусын сайн дурын байгууллага 2000 эмэгтэйн дунд судалгаа явуулахад Шотландын сурагч, эмэгтэй оюутнуудын дөрөвний нэг нь сар бүр ариун цэврийн хэрэглэл худалдан авахад санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг гэсэн дүн гарчээ.

 

Их Британи даяар ариун цэврийн хэрэглэлийн үнэ өндөр учир охидын 10 хувь нь хэрэглэл авч чаддаггүй, 15 хувь нь худалдаж авахад хүндрэлтэй тулгардаг бол 19 хувь нь зориулалтын ариун цэврийн хэрэглэлийн оронд гар доорх материал ашигладаг гэнэ.

 

Шотландад ийм хууль хүчин төгөлдөр болж байгаа нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад чухал алхам болж байгааг тус улсын Нийгмийн шударга ёсны сайд Шона Робинсон онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин