Дорнод аймагт зохиогдсон "Би сувилагч" төсөлт уралдааны шилдгүүд шалгарлаа
2022-08-16 15:05

 

Дорнод аймгийн “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын захирамжаар  орон нутгийн төсвийн 70 сая төгрөгийн санхүүжилт бүхий "Би сувилагч" төсөлт уралдааныг энэ жилээс зохион байгуулж буй.

 

Энэхүү уралдаанд БОЭТ, Өрхийн Эрүүл мэндийн төв, Баяндун, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан овоо сумын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 45 сувилагчийн материал ирснээс 18 нь эхний шатанд тэнцэж, онол, ур чадварын шалгалтад 12 сувилагч тэнцсэн.

 

Оролцогчид гуравдугаар  шатны шалгаруулалт болох  “Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ”-ээр хоёр сарын хугацаанд  өрсөлдөж  энэ сарын 11-ний өдөр тайлангаа хамгааллаа.

 

Уралдаанд хамгийн өндөр оноо авсан Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяа нарыг орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болов.

 

Мөн “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс 13 сумын эрүүл мэндийн төвийн 78 сувилагчдад  тус бүр 500 мянган төгрөгийн, нийт 39 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэв.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Shuud.mn
Сонин хачин