Энэтхэг эр 25 центийн төлөө 23 жил шүүхээр явжээ
2022-08-16

Энэтхэгийн иргэн Чатурведи 25 центээс болж Энэтхэгийн төмөр замтай 23 жил шүүхээр заргалдсан байна. Энэ талаар India Times сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн иргэн Тунгата Чатурведи Энэтхэгийн төмөр замын нэгэн салбартай олон жил заргалдсаны эцэст ерээд онд түүнд хариулж өгөөгүй 0,25 долларыг авсан төдийгүй, жилийн 12 хувиар тооцсон мөнгийг ч мөн авч чадсан гэнэ.

 

Тэрбээр энэ олон жил заргалдах шалтгаан болсон явдал 1999 онд болжээ. Чатурведи тус бүр нь 35 рупийгийн үнэтэй галт тэрэгний хоёр тасалбар авахаар 100 рупий өгчээ. Харин түүнд 30 рупий хариулж өгөх байтал 10 рупий л өгсөн байна. Чухамхүү энэ 20 рупий нь олон жил шүүхээр явах шалтгаан болжээ.

 

Чатурведи өөрөө хуулийн боловсролтой хүн тул шүүх хуралдаан дээр өөрийгөө төлөөлөн, бие даан оролцдог байсан гэнэ.

 

"Би энэ хэрэгтэй холбоотойгоор 100 гаруй шүүхийн сонсголд орсон. Гэхдээ үүнд зориулсан эрч хүч, цаг хугацааг та нар үнэлэх аргагүй" хэмээн өдгөө 66 настай энэтхэг эр ярьсан байна.

 

Түүнийг заргалдаж эхэлснээс хойш төмөр замын удирдлага хэргийг тээврийн хэсэг рүү шилжүүлэхийг оролдож, харин төрөл төрөгсөд нь өчүүхэн мөнгөний төлөө ингэж явахгүй байхыг ятгасан ч тэрбээр зогсолгүй заргалдсаар санасандаа хүрчээ. Тэрбээр тухайн үед авч чадаагүй 20 рупийгээ жилийн 12 хувийн хүүтэйгээр авахын дээр 15000 рупийн торгуулийг төмөр зам түүнд төлөх ёстой болжээ. 

"Гол нь мөнгөндөө биш, шударга ёсны төлөөх тэмцэл, авилгатай хийх тэмцэлд л гол учир нь байгаа юм" хэмээн Чатурведи ярьсан байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин