З.Мэндсайхан: Нийлүүлэгчээ олсон хэдэн ч компанид гадагшаа гурилаа борлуулах квот өгөхөд бэлэн
2022-08-16 17:59

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын алба, Гурилын холбоо, “Милл хаус”, “Улаанбаатар гурил”, “Дорнод гурил”, “Өег гурил”, “Ерөнцагаан”, “Агрофийт”компанийнхантай цахимаар уулзаж, ирэх жилийн дотоодын зах зээлийн гурилын хангамж, улаанбуудайн нөөц бүрдүүлэлт, үнийн зохицуулалт, буудай хадгалах сав агуулах, гурилын экспорт, хивэг үйлдвэрлэл зэрэг асуудлаар санал солилцлоо. 

 

Гурил үйлдвэрлэгчид “Сайн чанарын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэхийн тулд тариаланчид ч, гурилын үйлдвэрүүд нэгдсэн нэг үндэсний лавлагаа лабораторид дээжээ өгдөг, тэндээс гарч байгаа хариуг баримталдаг болъё” гэдгийг онцолж байв.  

 

 

Сав, агуулахын асуудлыг шийдэж чадвал гурил, тэжээлийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гаднын зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэнэ.

 

Тэд “Бидэнд улаанбуудайгаа хадгалах сав, агуулахын хэрэгцээ байна. Тиймээс Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахыг бидэнд ашиглуулаач. Сав, агуулахын асуудлыг шийдэж чадвал гурил, тэжээлийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гаднын зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Ингэхийн тулд бидэнтэй хамтарч ажиллаач” гэлээ. 

 

Манай улсын гурилын зах зээлийн багтаамж нь 210 мянган тонн. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад цаана нь гадагшаа гурилаа борлуулах бүрэн боломжтой.

Ингэхийн тулд буудай хадгалах агуулах саваа бэлдэх шаардлага бий. Гурил үйлдвэрлэгчдийнхээ дээрх саналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Уухайлан дэмжихээс гадна нийлүүлэгчээ олсон хэдэн ч компанид гадагшаа гурилаа борлуулах квот өгөхөд бэлэн. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахыг ариутгал, цэвэрлэгээ, ашиглалтын урсгал зардлыг хариуцах байдлаар ашиглах боломжтой”-г үйлдвэрлэгчдэд дуулгалаа. 

 

Shuud.mn
Сонин хачин