Дайны 175 дахь өдөр: Оросууд нийтийн байранд цохилт өгч, долоон хүн амиа алдав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа дайрч, наймдугаар сарын 17-ны өдөр энэ дайны 175 дахь өдөр тохиолоо.
Лхагва гарагийн үдэш Оросын тал пуужингийн цохилт өгсний улмаас Харьков хотод нийтийн байр сүйдсэн байна. Сүүлийн үеийн мэдээллээр, долоон хүн амиа алдаж 17 хүн шархадсан гэж Харьков хотын дарга Игорь Терехов мэдээлснийг ВВС дамжуулжээ.
Украины Онцгой байдлын алба Салтов дүүрэг дэх шатаж буй барилгын зургийг нийтэлжээ. Салтов нь Харьковын зүүн хойд зүгт байх томоохон орон сууцны дүүрэг бөгөөд дайны үеэр байнга л цохилтод өртөж байгаа аж. Энэ дүүргийн хойд хэсэг Оросын довтолгооны улмаас ихээхэн сүйджээ.
Харьковын захиргааны мэдээлснээр, орон нутгийн цагаар наймдугаар сарын 17-ны 21:30 цагт Оросын цэргүүд энэ дүүрэгт цохилт өгчээ. Пуужинд оногдсоны улмаас гурван давхар орон сууцны байр сүйдсэн талаар Онцгой байдлын алба мэдээлсэн байна. Орон сууцыг оносон пуужин нь Оросын “Калибр” эсвэл “искандер” пуужин байсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
“Нийтийн сууцанд 30 гаруй хүн байсны дотор хүүхдүүд, ахмад настнууд амьдарч байсан гэх урьдчилсан мэдээлэл бий” хэмээн Харьковын Иргэний хамгааллын газрын дарга Иван Сокол мэдэгджээ.
Мужийн цэргийн захиргааны тэргүүн Олег Синегубовын мэдээлснээр шархадсан хүмүүсийн дунд 11 настай хүүхэд байгаа гэнэ.
“Нэг хүний биеийн байдал хүнд, бусдынх нь биеийн байдал дунд зэрэг, эмнэлэгт эмчлүүлж байгаа” хэмээн Синегубов Телеграмм сувагт бичсэн байна.
Харин Харьковын мужийн прокурорын газрын албан ёсны төлөөлөгч Дмитрий Чубенкогийн мэдэгдсэнээр, пуужинд оногдсон гурван давхар барилга нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн нийтийн байр гэнэ. Цохилт өгөх үед тэнд 20-40 орчим хүн байсан гэж тэрбээр өгүүлжээ.
Харин байрны оршин суугчид Украины хэвлэлүүдэд өөр мэдээлэл өгсөн байна. “Суспилне” агентлагт оршин суугч Тамара ярихдаа энэ сууц тусгай зориулалтынх байгаагүй хэмээсэн байна.
“Шөнийн цагаар бүгд л гэртээ байсан. Гуравдугаар давхарт олон ахмад настан байсан юм. Гэтэл ингээд барилгын тал нь нурчихлаа. Энэ барилгад 50 орчим хүн байсан. Манай хөрш Светлана гэмтсэн. Энэ бол нийтийн сууц, нэг урт хонгилтой, хүн бүр тусдаа өрөөтэй. 50 хүн байсан нь гарцаагүй” хэмээн Тамара ярьсан байна.
Харьковт өгсөн цохилтын дараа Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ “иргэд рүү чиглэж байгаа нь түрэмгийлэгчийн сул доройн илрэл” хэмээжээ.
“Харьковын Салтовкагийн талаар сонсоход дахиад л сэтгэл өвдөх юм. Украины төлөө сэтгэл өвдөнө. Харьковын төлөө шанална. Пуужингийн цохилт. Нийтийн байранд цохилт өгчээ. Барилга бүрэн сүйдсэн. Энэ бол, түрэмгийлэгчийн сул доройг илтгэсэн зөвтгөх аргагүй үйлдэл” хэмээн Зеленский мэдэгджээ.
Оросын Зэвсэгт хүчний төлөөлөгчид Харьковт өгсөн цохилтын талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ