"Восток-2022" цэргийн сургуулилалтад БНХАУ, Монголын цэргүүд оролцоно

Оросын Дорнод цэргийн тойргийн полигонд зохион байгуулагдах "Восток-2022" цэргийн сургуулилалтад Хятадын цэргийн алба хаагчид оролцохоор болжээ. Хятадын арми энэ сургуулилалтад оролцож байгаа нь "өнөөгийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд огт хамааралгүй" хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
"Бусад орнуудын цэргүүдтэй практиктийн болон нөхөрсөг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бүхий л оролцогчидтой стратегийн хамтын ажиллагааны төвшнөө дээшлүүлэх, аливаа төрлийн аюул заналыг сөрөг зогсох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хятад улс цэргүүдээ цэргийн сургуулилалтад илгээж байна" хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалахын яамны мэдэгдэлд өгүүлжээ.
ОХУ зохион байгуулж буй энэ сургуулилалтад БНХАУ оролцох болсон талаар АНУ тайлбар өгсөн бөгөөд "цэргийн сургуулилалт хийх нь тухайн орны эрх" хэмээн мэдэгдсэн байна.
"Восток-2022" стратегийн команд штабын сургуулилалтад Хятадаас гадна Энэтхэг, Беларусь, Тажикистан, Монгол, Казахстан болон бусад орны цэргүүд оролцоно гэж Регнум агентлаг мэдээлжээ.
Энэ сургуулилалт наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын тавны хооронд Оросын Дорнод цэргийн тойргийн 13 полигонд болох бөгөөд "Дорнод бүс нутаг дахь цэргийн аюулгүй байдлыг хангахад цэргийн нэгтгэлийг ашиглах асуудлуудыг" боловсруулах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ