Оросын хоригдлуудыг дайнд илгээхээр цэрэгт элсүүлж байна

Украинд өдүүлсэн дайнд оролцуулахын тулд Оросын засан хүмүүжүүлэх төвүүдэд байгаа сэжигтэн болон ялтнуудыг цэргийн эгнээнд элсүүлж эхэлсэн гэнэ. Энэ талаар "Русь сидящая" санг үүсгэн байгуулагч, хүний эрхийг хамгаалагч Ольга Романова мэдэгджээ.
Хүний эрхийг хамгаалагчийн мэдэгдсэнээр, шоронд хоригдож байгаа хүмүүсийг цэрэгт элсүүлийн тулд ялыг хэлтрүүлнэ гэж амлаж байгаа гэнэ. Орост ийнхүү хоригдлуудыг цэрэгт элсүүлж байгаа талаар Gulagu.net хүний эрхийг хамгаалах төслийг үүсгэн байгуулагч Владимир Осечкин мэдэгдэж байлаа. Түүний өгүүлснээр, Москва хот, муж, Санкт-Петербург, Рязань% Тверь, Брянск хотуудад ийнхүү хоригдлуудыг элсүүлсэн тохиолдол гарсан талаар төслийнхөнд иргэд мэдээлсэн байна.
Оросын хувийн цэргийн компани болох Вагнера Оросын шоронгуудаас хоригдлууд элсүүлж байгаа талаарх мэдээлэл долоодугаар сарын эхээр хэвлэлээр гарч эхэлсэн. "Верстка" сонин болон "Русь сидящая" сангийн мэдээлснээр, Вагнера компанийн төлөөлөгчид наймдугаар сарын дунд үе гэхэд нийт 21 шоронд очсон байна.
Орос "хүлээн зөвшөөрсөн" нь
Орост хоригдлуудыг хөлсний цэргээр явуулахаар ятгаж, элсүүлж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсны дараа, ОХУ энэ мэдээллийг "хүлээн зөвшөөрсөн" гэж болохоор үйл явдал энэ сарын дундуур болсон юм. Тодруулбал, Оросын төрийн хэвлэл болох "Россия-1" телевизийн "Вести" хөтөлбөрөөр Никита Михалковын "Бесогон ТВ" нэвтрүүлгийн хэсгийг гаргасан бөгөөд энэ хэсэгт Донбасст хоригдол Константин Тулинов "баатарлагаар" амиа алдсан талаар Михалков өгүүлж байв.
"2023 оны хоёрдугаар сард тэр суллагдах байлаа. 2022 оны хавар фронт руу, Донбасс руу илгээхийг хүсэн өршөөл гуйсан юм. Энэ хүсэлтийг нь хүлээн авсан" хэмээн Михалков өгүүлсэн юм.
Михалковын нэвтрүүлэгт Тулиновтай нэг хороонд байсан залуугийн яриаг ч оруулсан байсан юм. Түүний өгүүлснээр, Тулинов хөлөндөө шархаджээ. Бусад цэргүүд бүслэлтэд орохгүйн тулд нуувч руугаа ухрахаар шийдэх үед Тулинов тэднийг галаар хамгаалж, Украины гурван цэргийн хамт өөрийгөө дэлбэлсэн гэнэ.
Михалковын өгүүлж байгаагаар, Тулинов долдугаар сарын 14-ний өдөр амиа алджээ. "Байгуулсан гавьяаных нь төлөө төр засаг түүнд талархаж, өршөөсөн бөгөөд байлдаанд оролцсон бусад хүмүүсийн адилаар түүний ар гэрийнхэнд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ" хэмээн Михалков ярьсан байна.
Энд дуулгахад, Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер бүлэглэл" долдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн Украины дайнд оролцуулахаар хоригдлуудыг элсүүлж байна гэх мэдээллийг анх "Важные истории" цахим хуудас мэдээлж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр, тэр үеэс хойш 1000 гаруй хоригдол дайнд оролцохыг зөвшөөрсөн байж магадгүй гэнэ. Вагнерчууд хоригдлуудыг элсүүлэхдээ, дайнд оролцоод хагас жилийн дараа амьд эргэн ирсэн хоригдлуудын ялыг өршөөнө хэмээн амалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ