ОХУ, Украины дайн: Атомын станц дээр өдөөн хатгалга гарч болзошгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа дайрч, өнөөгийн дайн эхлэснээр өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны пүрэв гарагт дайны 176 дахь өдөр тохиолоо.
Энэ өдөр Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх оролдлогоо үргэлжлүүлж, Украины батлан хамгаалах хүчин сөрөг довтолгоо хийсэн бол Львов хотод НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Украины Ерөнхийлөгч Зеленский нарын хэлэлцээ болж өнгөрсөн юм. Пүрэв гарагт болсон үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна.
Гурван талт хэлэлцээ
Украины Львов хотод НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Украины Ерөнхийлөгч Зеленский нарын хэлэлцээ болж өнгөрлөө.
Энэ уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Украины олзны цэргүүд амиа алдсан Еленовка дахь колонид болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгана хэмээн мэдэгдсэний дээр Украин дахь дайныг дипломат арга замаар дуусгахыг уриалжээ. Түүнчлэн Украины боомтуудаас үр тариа зөөх хэлэлцээр нь "эерэг хандлагын ердөө эхлэл" хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Харин Украины Ерөнхийлөгч Зеленский Запорожийн атомын цахилгаан станцын бүрэн бүтэн байдал, цэрэггүй бүс болгох нөхцөлийг хангахыг НҮБ-д хандан уриалжээ.
“Түрэмгийлэгчийн зүгээс зориудаар алан хядах ажиллагаа үйлдэж болзошгүй бөгөөд энэ нь дэлхий дахиныг хамарсан сүйрэл дагуулна. Тиймээс НҮБ энэ стратегийн объектийн бүрэн бүтэн байдал, цэрэггүй бүс болгох, Оросын цэргүүдээс бүрэн чөлөөлөглөх нөхцөлийг баталгаажуулах ёстой” хэмээн Зеленский мэдэгджээ.
Хэлэлцээрийн дүнгээр Турк улс Украины дайны дараах сэргээн босголтод оролцох санамж бичигт гарын үсэг зурсан байна. Нэн тэргүүнд, Буча, Ирпенийг Киевтэй холбодог, дайны эхний өдрүүдэд сүйдсэн Романовка суурин дахь гүүрийг сэргээн босгох төслийг талууд хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Киев нутгаасаа сөөм газар ч өгөхгүй
Зеленский, Гутерриш, Эрдоган нар Львов хотод уулзах үеэр эсэргүүцлийн жагсаал болсон байна. Энэ жагсаалд оролцогчид Орост олзлогдсон Украины цэргүүдийг суллах, ОХУ-ыг террорист улс гэж хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. Мөн НҮБ болон олон улсын байгууллагуудыг “Азовсталь” үйлдвэрийн хамгаалагчдыг суллах асуудлаар хуруугаа ч хөдөлгөөгүй хэмээн жагсагчид буруутгасан байна.
Түүнчлэн, энэ өдөр Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов Орост газар нутгаа өгч, буулт хийхгүй хэмээн мэдэгджээ.
“Украины хилийн шугамыг 1991 оноос өмнө байсан тэр л шугамаар сэргээнэ. Кремльд нутаг дэвсгэрийн асуудлаар буулт хийх нь хойшлуулсан дайн л гэсэн үг. Одоо л бүх асуудлаа шийдэх ёстой” хэмээн Данилов Твиттер хуудсандаа бичжээ.
Украины тагнуул: Запорожийн атомын станц дээр өдөөн хатгалга гарч болзошгүй
Запорожийн атомын цахилгаан станц дээр наймдугаар сарын 19-ний өдөр Украины талаас өдөөн хатгалга хийж болзошгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яам наймдугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж байлаа. Харин үүний араас Украины тагнуул Оросыг ийм өдөөн хатгалга хийж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна.
“Украины үнэн” сонины мэдээлснээр наймдугаар сарын 19-ний өдрийг амралтын өдөр болгох шийдвэрийг гэнэт л гаргажээ. Ингэснээр энэ станц дээр ганцхан жижүүрийн мэргэжилтэн үлдсэн бөгөөд энэ станц дээр удаан хугацаанд байрлаж байгаа Оросын “Росатом”-ын төлөөлөгчид ч станцыг орхин явсан гэнэ.
“Бидэнд ирсэн мэдээллээс харахад эзлэн түрэмгийлэгчид Запорожийн атомын станц руу буудсаны эцэст эрсдэлийг нэмэгдүүлж, Европын хамгийн том цөмийн объект дээр бодитоор алан хядах ажиллагаа үйлдэж магадгүй байна. Үүнийгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Украинд ирсэн үеэр тааруулж байгаа юм” хэмээн Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар мэдэгджээ.
Мөн энэ өдөр Запорожийн атомын цахилгаан станцын ажилтнууд дэлхий нийтэд хандан мэдэгдэл гаргасан байна.
“Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд атомын станц тасралтгүйгээр дайралтад өртлөө. Артиллерийн цохилтууд улам хүчтэй, аюултай болж байгаагийн дээр цөмийн аюулгүй байдлыг хангах нэн чухал объектууд устах аюул улам бодитой болж байна” хэмээн станцын ажилтнууд мэдэгдээд энэ станц дээр осол болвол “Чернобыль, Фукушимагийн эмгэнэлт ослоос ч аймшигтай үр дагавар дагуулж болзошгүй” хэмээн онцолжээ.
Түүнчлэн тэд энэ захидалдаа дэлхий дахинд атомын станц байлдааны үйл ажиллагааны талбар болсон нөхцөлд цөмийн объектийг хамгаалах дадлага туршлага байхгүй хэмээн анхааруулсан байна.
“Бид цөмийн урвалыг мэргэжлийн өндөр төвшинд удирдаж чадна. Харин хүний хариуцлагагүй байдал, солиорлын өмнө хүч мөхөстөж байна” хэмээн Запорожийн атомын цахилгаан станцын ажилтнууд мэдэгджээ.
Запорожийн АЦС нь Европ дахь хамгийн том станц юм. Энэ станц гуравдугаар сард Оросын цэргүүдийн хяналтад орж байлаа. Харин наймдугаар сарын тавны өдөр энэ станц дээр гал гарсан талаарх мэдээлэл гарсан бөгөөд АЦС-д өгсөн цохилтод талууд нэгнээ буруутгаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ