"Япон брэнд" гэж төөрөгдөл үүсгэсэндээ Miniso уучлалт гуйжээ
2022-08-19

Хятадын Miniso компани "япон брэнд" мэт сэтгэгдлийг хэрэглэгчдэд төрүүлж байсандаа хүлцэл өчжээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "япон брэнд" гэж өөрсдийгөө сурталчилж байсан өмнөх маркетингийн ажлынхаа төлөө Хятадын компани уучлалт гуйжээ. Компанийн мэдэгдэлд өгүүлснээр, 2015-2018 оны хооронд брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Мияке Жуниа ерөнхий дизайнераар ажиллаж, япон хэв маягийг нэвтрүүлсэн байна. Энэ нь буруу маркетинг байсан гэж компани мэдэгдээд 2023 он гэхэд япон хэв маягийг маркетингдаа ашиглахгүй хэмээн онцолжээ. 

 

Ийнхүү уучлалт гуйх болсон нь өнгөрсөн сард болсон үйл явдалтай холбоотой аж. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 25-ны өдөр Минисогийн Испани дахь салбар Инстаграм хуудсандаа Princess Blind Box цуврал хүүхэлдэйн зургийг нийтэлжээ. Энэ зургийг "Та бүхний хайртай "Диснейн" гүнжүүд гейшагийн дүрээр" хэмээн тайлбарласан байна. Харин энэ нь Хятадын хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд учир нь эдгээр хүүхэлдэйнүүд япон биш харин хятадын уламжлалт ципао даашинзыг өмссөн байсан аж.

 

Тухайн үед энэ ташаарлынхаа төлөө Минисо мөн л уучлалт гуйж байлаа. Хэрэглэгчид энэ үйл явдлын дараа Минисо компанид хандан компанийнхаа хэв маягийг  нэг мөр эцэслэн тодорхой болгохыг уриалж байв. 

 

Энд дуулгахад, Miniso компани анхны дэлгүүрээ 2013 онд Гуанжоуд нээж байсан бөгөөд одоо энэ компанийн бүтээгдэхүүн дэлхийн 100 оронд 5000 дэлгүүрээр дамжин борлуулагддаг. Компанийн бүтээгдэхүүний загварын 80 гаруй хувийг Хятадад бүтээдэг ч брэндийн хэв маяг нь Японы Muji, Uniqlo брэндүүдтэй төстэй харагддаг юм. Энэ нь "хятад бараа чанаргүй" гэсэн нийтийн дунд байх сэтгэгдлээс зайлсхийх гэсэн арга гэж зарим хэрэглэгч буруутгадаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mm:
Huue ee yapon l gej boddog baisiishdee. Ymar zivuun ym be
2022-08-22